Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Колоссай 1:2-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Колоссайд байгаа ариун хүмүүст буюу Христ доторх итгэлт ах дүү нарт илгээв. Бидний Эцэг Бурханаас амар тайван, нигүүлсэл нь та нарт байх болтугай.

3. Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид та нарын төлөө үргэлж залбиран талархал өргөдөг нь

4. бид Христ Есүст итгэх та нарын итгэл болоод бүх ариун хүний төлөөх та нарын хайрыг сонссоны учир бөгөөд

5. тэнгэрт та нарт зориулж хадгалагдсан найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьд нь сайн мэдээ болох үнэний үгнээс сонссон.

6. Сайн мэдээ нь та нарт хүрчээ. Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс эхлээд энэ нь та нарын дунд хэрхэн байгаачлан мөн бүх дэлхийд байнга үр жимс ургуулж өсгөж байна.

7. Түүнчлэн бидний өмнөөс үйлчилдэг Христийн итгэлт үйлчлэгч, бидэнтэй хамт боол болсон хайрт Епафраас та нар суралцсан.

8. Тэр бас Сүнс доторх та нарын хайрын тухай бидэнд мэдэгдсэн юм.

9. Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бялхаасай,

10. мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр дүн гарган, Бурханы жинхэнэ мэдлэгээр өсөж,

11. Түүний цог жавхлант чадлын дагуу бүх хүчээр хүчтэй болгогдон, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч,

12. гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг зохистой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна.

13. Учир нь Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, Өөрийн хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм.

14. Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна.

15. Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн.

16. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна.

бүрэн бүлгийг уншина уу Колоссай 1