Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Тесалоник 5:7-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог.

8. Харин бид өдрийнх тул итгэлийн ба хайрын хуяг, дуулга болгон авралын найдварыг өмсөн, эрүүл ухаантай байцгаая.

9. Яагаад гэвэл Бурхан биднийг уур хилэнгийн төлөө бус, харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан авралыг олж авахын төлөө томилсон юм.

10. Биднийг сэрүүн ч бай, унтсан ч бай, Өөртэйгөө хамт амьдруулахын тулд Тэр бидний төлөө үхсэн билээ.

11. Тиймээс та нар одоо ч үйлдэж байгаа шигээ нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун.

12. Ах дүү нар аа, дунд чинь ажилладаг ба Эзэний дотор та нарыг удирдаж, заавар өгдөг хүмүүсийг хүндлэхийг бид та нараас хүсэж байна.

13. Мөн тэдний ажил хөдөлмөрийнх нь төлөө та нар хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Нэг нэгэнтэйгээ эв найртай амьдар.

14. Ах дүү нар аа, эмх журамгүй хүмүүст сануулж, хулчгар хүмүүсийг зоригжуулж, дорой буурай хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэйгээр хандахыг бид та нараас гуйж байна.

15. Хэн нь ч хэн нэгний хорон мууг муугаар хариулахгүй байхад анхаарагтун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун.

16. Үргэлж баяртай бай.

17. Тасралтгүй залбир.

18. Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн.

19. Сүнсийг бүү бөхөө.

20. Эш үзүүллэгийг бүү басамжил.

21. Харин бүхнийг шалга, сайныг баригтун.

22. Бузар муугийн алив хэлбэрийг цээрлэгтүн.

23. Амар тайвны Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгаг. Сүнс, сэтгэл, бие тань бидний Эзэн Есүс Христийг ирэхэд бүрэн хамгаалагдсан бөгөөд гэм зэмгүй байх болтугай.

24. Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно.

25. Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир.

бүрэн бүлгийг уншина уу 1 Тесалоник 5