Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 10:22-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэгтэл Иошуа—Агуйн амыг онгойлгож, таван хааныг над уруу авчир гэв.

23. Тийнхүү тэд агуйгаас Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаан зэрэг эдгээр таван хаадыг гарган түүн уруу авчрав.

24. Тэд хаадыг гарган Иошуа дээр авч ирэхэд, Иошуа Израилийн бүх эрчүүдийг дуудан, өөртэй нь хамт явсан цэргийн жанжнуудад—Нааш ирж, эдгээр хаадын хүзүүн дээр хөлөө тавь гэж хэлэв. Тийнхүү тэд ойртон ирж, тэдгээр хаадын хүзүүн дээр хөлөө тавилаа.

25. Иошуа тэдэнд—Бүү айж эмээгтүн. Хүчтэй бөгөөд зоригтой бай. Учир нь та нартай дайтах бүх дайсныг чинь ЭЗЭН ингэх болно гэлээ.

26. Үүний дараа Иошуа тэднийг цавчин алж, таван модноос дүүжлэв. Тэд орой болтол модонд өлгөөстэй байлаа.

27. Нар жаргахад Иошуа тушааж, тэднийг буулгаж аван, нуугдаж байсан агуйд нь хаяв. Агуйн аманд том чулуунуудыг тавьсан нь өнөөг хүртэл бий.

28. Мөн тэр өдөр Иошуа Маккедаг эзлэн авч, түүнийг сүйтгэж, хааныг нь цавчин, түүнийг дотор нь байсан бүх хүмүүстэй нь хамт устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хааныг хэрхсэнийхээ адил Маккедагийн хаанд тийнхүү үйлдэв.

29. Дараа нь Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Маккедагаас Либна уруу явж, Либнагийн эсрэг довтлов.

30. ЭЗЭН мөн уг хотыг хаантай нь хамт Израилийн гарт өгөв. Иошуа уг хотыг болон бүх хүмүүсийг нь илдний ирээр цохив. Тэр тэнд нэг ч амьд хүн үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хаанд юу хийсний адилаар энэ хотын хаанд ч тийн хандав.

31. Тэгээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Либнагаас цаашаа Лахиш уруу явж, түүний дэргэд буудаллан, түүний эсрэг довтлов.

32. ЭЗЭН Лахишийг Израилийн гарт өгчээ. Иошуа түүнийг хоёр дахь өдрөө эзлэн авч, Либнад хийснийхээ адил дотор нь байсан бүх хүнийг илдний ирээр цохив.

33. Энэ хооронд Гезерийн хаан Хорам Лахишт туслахаар ирсэн боловч түүнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь Иошуа түүнийг болон хүмүүсийг нь ялан дийлэв.

34. Иошуа болон түүний хамт бүх Израиль Лахишаас Еглон уруу яван, дэргэд нь буудаллаж, түүний эсрэг довтлов.

35. Тэд түүнийг тэр өдрөө эзлэн авч, илдний ирээр цохив. Лахишт үйлдсэнтэйгээ нэгэн адил Иошуа тэр өдөр дотор нь байсан бүх хүнийг бүрмөсөн устгав.

36. Ингээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Еглоноос цаашаа Хеброн уруу очиж, түүний эсрэг дайтав.

37. Тэд хотыг эзлэн авч, түүнийг, хаадыг нь, бүх тосгод болон тэдгээрийн дотор нь байсан бүх хүмүүсийг илдний ирээр цохив. Тэр Еглонд үйлдсэнтэйгээ адилаар үйлдэн хэнийг ч амьд үлдээлгүй бүрмөсөн устгав.

38. Тэгээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Дебир уруу буцан, түүний эсрэг дайтав.

39. Тэд хотыг хаантай нь болон бүх тосгодтой нь эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, дотор нь байсан бүх хүмүүсийг бүрмөсөн устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Хеброн, бас Либна болон хаанд нь яаж хандсаны адилаар Дебир болон хаанд нь мөн тийнхүү үйлдэв.

40. Ийнхүү Иошуа уулархаг нутаг, Негев, нам дор газар, мөн уулын налуу бэл зэрэг бүх нутгийг хаадтай нь хамт бут цохив. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй, харин Израилийн Бурхан ЭЗЭНий тушааснаар амьсгалтай бүхнийг бүрмөсөн устгав.

41. Иошуа тэднийг Кадеш-барнеагаас Газыг хүртэл буюу Гошены бүх нутгийг Гибеоныг хүртэл бут цохив.

42. Израилийн Бурхан ЭЗЭН Израилийн төлөө дайтсан тул, Иошуа тэдгээр бүх хаадыг болон тэдний нутгийг нэг дор эзлэв.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 10