Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 4:8-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд хандаж,—Ахлагчид болон ард түмний захирагчид аа!

9. Хэрэв бид энэ хүн хэрхэн эдгэрсэн талаар уг өвчтэй хүнд сайн үйл хийснийхээ төлөө өнөөдөр байцаагдаж байгаа бол,

10. та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл болоод зогсож байгааг та бүхэн бас бүх Израиль түмэн мэдтүгэй.

11. Тэр бол барилгачид болох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм.

12. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.

13. Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв.

14. Эдгэрсэн өнөөх хүн тэдний хамт зогсож байгааг хараад тэдэнд хариуд нь хэлэх зүйл юу ч байсангүй.

15. Тэгээд тэднийг зөвлөлийн байрнаас гарахыг тушаагаад өөр хоорондоо зөвлөлдөн,—

16. Энэ хүмүүсийг бид одоо яах вэ? Тэдний үйлдсэн гайхамшигт тэмдэг нь Иерусалимд оршин суудаг бүхэнд нэгэнт тодорхой тул бид түүнийг үгүйсгэж чадахгүй.

17. Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд анхааруулъя гэцгээв.

18. Ингээд тэднийг дуудан авчирч, Есүсийн нэрээр огт ярьж, сургахгүй байхыг тушаав.

19. Гэвч Петр, Иохан нар тэдэнд—Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ.

20. Учир нь бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй гэжээ.

21. Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тэнд тохиолдсон үйл явдлын улмаас ард олон бүгд Бурханд алдрыг нь өргөн байсныг харгалзан үзээд дахин сүрдүүлснийхээ дараа тэр хоёрыг явууллаа.

22. Гайхамшгаар эдгэсэн тэр нэгэн дөч эргэм насны хүн байлаа.

23. Суллагдмагцаа тэд өөрсдийнхөн дээрээ ирж, ахлах тахилч нар болон ахлагчдын тэдэнд хэлсэн бүхнийг уламжлав.

24. Тэд үүнийг сонсоод, Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлрүүн—Өө, Эзэн! Тэнгэр, газар, тэнгис болон тэдгээрт оршигч бүхнийг бүтээсэн нь Та билээ.

25. Та Өөрийн зарц, бидний өвөг Давидын амаар дамжуулан Ариун Сүнсээр айлдахдаа,“Яагаад харь үндэстнүүд уурсаж,Ард олон дэмий зүйл сэднэ вэ?

26. Газрын хаад ирж,Эзэн болон Түүний Христийн эсрэг захирагчид цугларцгаав”гэсэн.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 4