Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 4:1-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн уруу ирэв.

2. Учир нь элч нар олон түмэнд сургаж, Есүсээр үхэгсдийн амилалтыг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа.

3. Тэд тэднийг баривчилж, дараачийнх нь өдөр хүртэл шоронд хорив. Учир нь хэдийн орой болсон байв.

4. Үгийг сонсогсдоос олон хүн итгэсэн бөгөөд тэдний тоо таван мянгад хүрчээ.

5. Дараачийнх нь өдөр захирагчид, ахлагчид мөн хуулийн багш нар Иерусалимд цугларцгаав.

6. Тэнд тэргүүн тахилч Аннас бас Каиаф, Иохан, Александр болон тэргүүн тахилчийн удмынхан бүгд байлаа.

7. Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод,—Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ? хэмээн байцааж эхлэв.

8. Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд хандаж,—Ахлагчид болон ард түмний захирагчид аа!

9. Хэрэв бид энэ хүн хэрхэн эдгэрсэн талаар уг өвчтэй хүнд сайн үйл хийснийхээ төлөө өнөөдөр байцаагдаж байгаа бол,

10. та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл болоод зогсож байгааг та бүхэн бас бүх Израиль түмэн мэдтүгэй.

11. Тэр бол барилгачид болох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм.

12. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.

13. Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв.

14. Эдгэрсэн өнөөх хүн тэдний хамт зогсож байгааг хараад тэдэнд хариуд нь хэлэх зүйл юу ч байсангүй.

15. Тэгээд тэднийг зөвлөлийн байрнаас гарахыг тушаагаад өөр хоорондоо зөвлөлдөн,—

16. Энэ хүмүүсийг бид одоо яах вэ? Тэдний үйлдсэн гайхамшигт тэмдэг нь Иерусалимд оршин суудаг бүхэнд нэгэнт тодорхой тул бид түүнийг үгүйсгэж чадахгүй.

17. Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд анхааруулъя гэцгээв.

18. Ингээд тэднийг дуудан авчирч, Есүсийн нэрээр огт ярьж, сургахгүй байхыг тушаав.

19. Гэвч Петр, Иохан нар тэдэнд—Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 4