Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 22:14-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэр надад “Манай өвөг дээдсийн Бурхан Өөрийн хүслийг мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан, мөн Өөрийн амнаас гарах дууг сонсгохын тулд чамайг урьдаас томилжээ.

15. Учир нь чи үзсэн, сонссон зүйлээ бүх хүний өмнө гэрчлэх Түүний гэрч болно.

16. Одоо чи юунд удна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт. Нүглээ угаа” гэв.

17. Ийнхүү би Иерусалимд буцаж ирээд сүм дотор залбирч байтал хэт хөөрөлд автаж,

18. би Түүнийг харсан бөгөөд Тэр надад “Түргэл, Миний тухай чиний гэрчлэлийг тэд хүлээж авахгүй учраас Иерусалимаас шалавхан гар” гэж айлдав.

19. Тэгэхэд нь би “Эзэн, Танд итгэгчдийг би синагог бүрд занчиж, шоронд хийж байсныг тэд мэднэ.

20. Мөн Таны гэрч Стефаны цус урсаж байхад би дэргэд нь байж, сайшаан түүний амийг хөнөөгчдийн хувцсыг харж байсан” гэхэд

21. Тэр надад “Яв, Би чамайг харь үндэстнүүд уруу алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.

22. Тэд энэ үгийг хүртэл сонсож байлаа. Тэгснээ дуугаа өндөрсгөн—Энэ мэтийн хүнийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй хэмээн хашхиралдав.

23. Тийнхүү хашхиралдан байхдаа тэд хувцсаа хүү татаж, агаарт шороо тоос босгон байтал

24. мянгатын дарга түүнийг хуаранд аваачихыг тушаалаа. Тэгээд яагаад хүмүүс түүн уруу ийн хашхиралдсаны учрыг олохын тулд түүнийг ташуурдан байцаахыг тушаав.

25. Тэд түүнийг тэлж хүлэх үед Паул тэнд байсан зуутын даргад—Ромын иргэнийг шүүхгүйгээр ташуурдах нь таны хувьд хуульд нийцэх үү? гэхэд

26. зуутын дарга үүнийг сонсоод, мянгатын дарга уруу очиж, түүнд—Энэ хүн чинь Ромын иргэн юм байна шүү дээ, яах вэ? гэж илтгэв.

27. Тэгтэл мянгатын дарга Паул уруу ирээд—Чи Ромын иргэн юм уу? Надад хэлээч гэсэнд тэр—Тийм ээ гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 22