Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 19:28-41 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Үүнийг сонсоод тэд хилэгнэн уурлаж,—Ефесийн Артемис нь агуу билээ хэмээн хашхирч гарав.

29. Хот үймээн самуунд автан, хүмүүс нэгэн зэрэг Паултай ханьсан Македониос ирсэн Гайос, Аристарх нарыг чирэн жүжгийн хүрээлэнд дайран орж ирэв.

30. Паул цугларагсдын дунд орохыг хүссэн хэдий ч дагалдагчид түүнийг явуулахгүй байлаа.

31. Мөн Паулын анд болох Азийн хэсэг захирагчид хүн илгээн түүнийг жүжгийн хүрээлэнд очихгүй байхыг ятгажээ.

32. Цугларсан олон будилж самуурсан байсан тул нэг хэсэг нь нэг зүйл хашхирч байхад нөгөө хэсэг нь ондоо зүйл хашхирч байлаа. Тэдний олонх нь юуны төлөө цугласнаа ч мэдэхгүй байлаа.

33. Тэгтэл иудейчүүд Александрыг олны өмнө урагш гаргахад Александр хүмүүст чимээгээ намдахыг гараараа дохиод олон түмний өмнө өөрсдийгөө өмгөөлөхийг хүсжээ.

34. Гэтэл хүмүүс түүнийг Иудей хүн гэдгийг таниад бүгд нэгэн дуугаар—Ефесийн Артемис нь агуу билээ хэмээн бараг хоёр цагийн турш хашхиралдав.

35. Хотын захирагч ирж, цугласан олныг тайвшруулаад ийн хэлэв.—Ефесчүүд ээ, тэнгэрээс унасан дүр, агуу Артемисын сүмийн харуул нь Ефес хот мөн гэдгийг мэдэхгүй хэн байгаа юм бэ?

36. Иймээс энэ нь нэгэнт маргашгүй тул та нар гоомой юм үйлдэлгүй, тайван байх хэрэгтэй.

37. Та нарын авчирсан эдгээр хүмүүс чинь ч сүмийг цөлмөөгүй, охин тэнгэрийг маань ч ер доромжлоогүй юм байна.

38. Тиймээс хэрэв Деметр болон түүний урчууд хэн нэгний эсрэг гомдолтой байгаа бол шүүх хуралдаж байгаа, мөн тэргүүн захирагч ч байна. Тэд гомдлоо авч ирцгээг.

39. Хэрэв үүнээс өөр асуудал та нарт байгаа бол түүнийг чинь хуулийн дагуу хурлаар шийдвэрлэнэ.

40. Өнөөдрийн явдалтай холбоотой үймээн самуун дэгдээснийхээ төлөө бид буруутгагдах аюулд ороод байна. Учир нь үүнд үнэхээр шалтгаан байхгүй бөгөөд энэхүү эмх замбараагүй цуглааныг бид тайлбарлаж чадахгүй гэжээ.

41. Ингэж хэлээд тэр цуглааныг тараасан аж.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 19