Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 7:4-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тийм учраас ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжуулан Хуульд үхсэн. Ингэснээр Бурханы төлөө бид үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан өөр Нэгэнтэй та нар холбогдох юм.

5. Учир нь биднийг махан биеийн дотор байхад Хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд үхэлд хүргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байсан.

6. Харин бид юугаар хүлэгдсэн, түүндээ үхэн эдүгээ бид Хуулиас чөлөөлөгдсөн. Ингэснээр бид үсгийн хуучрал дотор биш, харин Сүнсний шинэлэг байдал дотор үйлчилдэг.

7. Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Бүү ийм байх болтугай! Гэхдээ Хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байх байсан. Учир нь хэрэв Хууль «Бүү шунахайр» гэж хэлээгүй байсан бол би шунахайрлыг мэдэхгүй байх байсан.

8. Харин нүгэл тушаалаар шалтаглаж миний дотор зүсэн бүрийн шунахайрлыг төрүүлсэн. Учир нь Хуулиас ангид бол нүгэл нь үхмэл юм.

9. Нэгэн цагт би Хуульгүйгээр амьдарч байв. Харин тушаал ирснээр нүгэл амьдарч, би үхсэн.

10. Аминд хүргэх байсан энэхүү тушаал нь үхэлд хүргэдгийг би мэдэв.

11. Учир нь нүгэл тушаалаар шалтаглаж намайг мэхэлсэн бөгөөд намайг тушаалаар алсан.

12. Тиймээс Хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөвт бөгөөд сайн юм.

13. Тиймд юу нь сайн, тэр нь надад үхлийн шалтгаан болсон уу? Бүү ийм байх болтугай! Харин юу нь сайн, түүгээр дамжуулан миний үхлийн шалтгаан болсноор нүгэл нь нүгэл гэж харагдахын тулд, тушаалаар дамжуулан нүгэл нь туйлын нүгэлт болохын тулд нүгэл нь үхэл болсон.

14. Учир нь Хууль бол сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махан биетэй бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан.

15. Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна.

16. Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийдэг юм бол, Хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм.

17. Харин эдүгээ цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг юм.

бүрэн бүлгийг уншина уу Ром 7