Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 2:4-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Эсвэл та Бурханы энэрэл өөрийг чинь гэмшүүлдэг гэдгийг мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу?

5. Харин та өөрийн хатуу байдал, гэмшдэггүй зүрх сэтгэлээсээ болж уур хилэн ба Бурханы зөв шүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж байна.

6. Бурхан хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө.

7. Сайныг үйлдэхдээ тэвчээртэйгээр алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайдаг хүмүүст мөнх амь өгнө.

8. Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй, харин зөв бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана.

9. Бузар мууг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл, зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь Иудей, мөн түүнчлэн Грек хүмүүст байна.

10. Харин сайныг үйлдэгч хүн бүрд алдар, хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны түрүүнд энэ нь Иудей мөн түүнчлэн Грек хүмүүст байна.

11. Бурханд ялгаварлах үзэл байдаггүй.

12. Хуульгүйгээр нүгэл үйлдсэн бүх хүн мөн Хуульгүйгээр мөхөх болно. Хуулийн дор нүгэл үйлдсэн бүх хүн Хуулиар шийтгэгдэх болно.

13. Учир нь Хуулийг сонсогчид нь Бурханы өмнө зөв байх бус, харин Хуулийг биелүүлэгчид нь зөвтгөгдөх болно.

14. Харь үндэстнүүд Хуульгүй боловч төрөлх байдлаараа Хуулийн зүйлсийг үйлдвэл, Хуульгүй боловч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог.

15. Хуулийн шаарддаг үйлс нь тэдний зүрх сэтгэлд бичигдсэнийг тэд харуулдаг. Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, тэдний бодол санаа ч нэг нэгнээ буруутгадаг, эсвэл өмгөөлдөг.

16. Миний сайн мэдээний дагуу, энэ нь Бурхан хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр шүүх өдөрт болно.

17. Хэрэв та Иудей хэмээх нэр зүүж, Хуульд найдан, Бурханаар сайрхдаг агаад

18. Хуулиас заалгаснаар Түүний хүслийг мэдэн, онц сайн юмсыг таньдаг юм бол,

19. мөн Хууль дотор мэдлэгийн болон үнэний цогцтой гээд, сохруудын газарч, харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл,

20. мунхаг хүмүүсийн сургагч, балчир хүмүүсийн багш гэж өөртөө итгэлтэй байдаг юм бол,

21. тэгвэл бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу? Хулгай бүү хий гэж номлодог та өөрөө хулгай хийдэг юм уу?

бүрэн бүлгийг уншина уу Ром 2