Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 9:20-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй Түүний ард ирж, дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад

21. ингэхдээ тэр эмэгтэй—Хэрэв Түүний дээлд нь л хүрвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ.

22. Харин Есүс эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад—Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг эдгээлээ гэлээ. Тэр даруй эмэгтэй эдгэрчээ.

23. Тэгээд Есүс захирагчийн гэрт очоод, бишгүүрчдийг болон дуу шуу болсон олныг харж,—

24. Гарцгаа. Охин үхээгүй, харин унтаж байна гэхэд тэд Түүнийг шоолон инээлджээ.

25. Тэднийг гарсны дараа Есүс дотогш орж, охины гараас барихад охин босов.

26. Энэ тухай зар тэр нутаг даяар таржээ.

27. Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн—Давидын Хүү минь ээ. Биднийг энэрээч гэж хашхиран, Түүнийг дагажээ.

28. Айлд орсных нь дараа, сохор хүмүүс Түүн уруу ирэхэд Есүс тэдэнд—Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуухад тэд—Тийм ээ, Эзэн гэв.

29. Тэгээд Есүс тэдний нүдэнд гар хүрч,—Итгэлийн тань дагуу болог гэсэнд

30. тэд хараа оржээ. Есүс тэдэнд—Хэн ч үүнийг мэдэж болохгүйг анхаар гэж хатуу сануулав.

31. Гэвч тэд гараад, Түүний тухай зарыг тэр нутаг даяар тараалаа.

32. Тэднийг гарч явмагц, чөтгөрт эзэмдүүлсэн хэлгүй хүнийг Түүн дээр авчрав.

33. Чөтгөр нь зайлуулагдсаны дараа мөнөөх хэлгүй хүн ярихад олон түмэн гайхаж,—Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв.

34. Харин фарисайчууд—Тэр чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж ярьж байлаа.

35. Есүс синагогуудад сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглан, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээн, бүх хот тосгоноор явж байлаа.

36. Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа.

37. Тэгээд Тэр шавь нартаа—Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна.

38. Тиймээс ургацын Эзэнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Матай 9