Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 22:4-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэр дахин “Уригдсан хүмүүст «Зоогийг бэлдлээ. Үхэр болон бордсон малаа гаргаж бүгдийг базааж бэлдлээ. Хуриманд морилон ир» гэж хэл” гээд өөр боолуудаа илгээв.

5. Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө нь ажил уруугаа явав.

6. Бусад нь хааны боолуудыг барин авч, доромжлон гутаагаад алжээ.

7. Хаан уурлаад, цэргүүдээ илгээн тэдгээр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав.

8. Тэгээд тэр боолууддаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсан хүмүүс маань зохисгүй хүмүүс байжээ.

9. Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуриманд морилон ирэхийг урь” гэхэд

10. тэдгээр боолууд гудамжинд гарч тааралдсан сайн, муу хүмүүсийг бүгдийг цуглуулав. Хуримын танхим зоогийн зочдоор дүүрчээ.

11. Харин хаан зоогийн зочдыг харахаар орж ирээд хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг хараад,

12. түүнд “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?” гэхэд тэр үг дуугүй байв.

13. Тэгтэл хаан зарц нартаа “Түүний гар, хөлийг хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирах болно” гэж хэлжээ.

14. Учир нь дуудагдсан нь олон хэдий ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.

15. Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагаахаа хамтдаа зөвлөлдөв.

16. Тэд өөрсдийн шавь нарыг херодынхонтой хамт Түүн уруу илгээж, ингэж асуулгалаа.—Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг тань, хэнийг ч ялгаварладаггүй тул хэнд ч тал засдаггүйг тань мэднэ.

17. Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар өгөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? гэхэд

18. Есүс тэдний хорон санааг мэдээд,—Хоёр нүүрт хүмүүс ээ, та нар юунд Намайг сорино вэ?

19. Надад татварт өгдөг зоосыг үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд,

20. Тэр—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув.

бүрэн бүлгийг уншина уу Матай 22