Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 10:17-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогууд дотроо та нарыг ташуурдах болно.

18. Та нар тэдэнд болоод харь үндэстнүүдэд гэрчлэл болж Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно.

19. Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж бүү санаа зов. Учир нь хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө.

20. Яригч бол та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм.

21. Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.

22. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно.

23. Харин тэд та нарыг энэ хотод хавчвал, өөр хот уруу зугтацгаа. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүүг ирэхээс нааш та нар Израилийн хотуудаар явж барахгүй.

24. Шавь нь багшаасаа, боол нь эзнээсээ дээр байдаггүй.

25. Шавь нь багшийнхаа адил, боол нь эзнийхээ адил болох нь л хангалттай. Хэрэв тэд гэрийн тэргүүнийг Беелзебул хэмээн нэрлэсэн бол, гэрийнхнийг нь түүнээс ч илүүгээр хэлэх бус уу?

26. Иймээс тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нуугдсан юм гэж байхгүй билээ.

27. Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь сонссоноо дээвэр дээр тунхагла.

28. Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махан бие болоод сэтгэлийг, хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.

29. Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг биш үү? Эцэгийн тань зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй.

30. Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна.

31. Иймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй.

32. Тиймээс Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө.

33. Харин Намайг хүмүүсийн өмнө үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ.

34. Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Матай 10