Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 15:31-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

31. Мөн түүнчлэн ахлах тахилч нар хуулийн багш нарын хамт Түүнийг элэглэн дооглож, өөр хоорондоо—Тэр бусдыг аварсан. Тэр Өөрийгөө аварч чадахгүй.

32. Израилийн Хаан энэ Христ, одоо загалмайнаасаа буу л даа. Тэгвэл бид хараад, итгэе гэж байв. Есүстэй хамт цовдлогдсон тэр хүмүүс ч мөн адил Түүнийг доромжилж байлаа.

33. Зургадугаар цаг болоход, харанхуй есдүгээр цаг хүртэл бүх газрыг бүрхэв.

34. Есдүгээр цагт Есүс чанга дуугаар—Елой, Елой, лама сабахтани? буюу орчуулбал «Миний Бурхан, Миний Бурхан, юунд Та Намайг орхив?» гэж хашхирлаа.

35. Тэнд зогсож байсан хүмүүсээс зарим нь үүнийг сонсоод,—Хараач, Тэр Елиаг дуудаж байна гэжээ.

36. Нэг нь гүйгээд, далайн хөвөнд цагаан цууг шингээн хулсны үзүүрт тохоод, Түүнд уулгахаар өгөхдөө—Елиа Түүнийг буулгаж авахаар ирэх эсэхийг харцгаая гэв.

37. Есүс чанга дуу гаргаад, эцсийн амьсгалаа хураав.

38. Сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хэсэг болон урагдсан байв.

39. Түүний эсрэг талд нь зогсож байсан зуутын дарга Есүсийг эцсийн амьсгалаа хэрхэн авахыг хараад,—Энэ хүн үнэхээр Бурханы Хүү байсан байна гэжээ.

40. Тэнд бас хэсэг эмэгтэйчүүд холоос ширтэн харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон Жижиг гэгддэг Иаков, Иос хоёрын эх Мариа, Саломе нар байв.

41. Тэд Есүсийг Галилд байхад нь дагаж, Түүнд үйлчилдэг байсан юм. Иерусалим уруу Түүнтэй хамт ирсэн өөр олон эмэгтэйчүүд тэнд байсан билээ.

42. Амралтын өдрийн урьдах бэлтгэлийн өдрийн орой болох үед,

43. Бурханы хаанчлалыг хүлээж байсан Ариматын Иосеф гэгч Зөвлөлийн хүндэт гишүүн ирэв. Тэр зориг гарган Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад,

44. Пилат Есүсийг аль хэдийн үхсэнд гайхан зуутын захирагчийг дуудаад, Түүний аль хэдийн үхсэн эсэхийг асуужээ.

45. Зуутын захирагчаас энэ тухай баттай мэдээд, Пилат цогцсыг Иосефт өгөв.

46. Тэр маалинган даавуу худалдан аваад, Түүнийг буулгаж даавуугаараа ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэгээд тэр булшны амыг бул чулуу өнхрүүлж таглажээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 15