Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 7:8-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Учир нь би ч мөн эрх мэдлийн дор байдаг хүн. Миний доор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явж, нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Боолдоо “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж Түүнд хэлүүлжээ.

9. Есүс үүнийг сонсоод ихэд гайхан, Өөрийг нь дагаж явсан олонд хандан—Та нарт Би хэлье. Ийм агуу итгэлийг Би Израильд хүртэл хараагүй шүү гэлээ.

10. Тийнхүү явуулсан хүмүүс нь буцаж ирээд мөнөөх боол эрүүл болсныг олж харав.

11. Үүний дараа удалгүй Есүс Найн хэмээх хот уруу явжээ. Шавь нар нь, мөн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа.

12. Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед хүмүүс нэг үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхноос нилээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв.

13. Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд—Бүү уйл гэв.

14. Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс—Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд

15. үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингээд Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв.

16. Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж эхлэн—Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ, мөн—Бурхан Өөрийн ард түмэн дээр ирлээ гэцгээж байлаа.

17. Түүний тухай энэхүү зар бүх Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа.

18. Шавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ.

19. Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж,—Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв.

20. Тэд Есүс дээр ирээд,—Баптисм хүртээгч Иохан биднийг Тань уруу илгээж “Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?” гэж асуулгаж байна гэжээ.

21. Яг тэр үед Есүс олон хүмүүсийг өвчин эмгэгээс нь ангижруулж, бузар сүнсийг нь зайлуулж байлаа. Сохорсон олон хүнд Тэр хараа оруулжээ.

22. Тэр тэдэнд—Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, доголон нь алхаж, уяман нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядуу нэгэнд нь сайн мэдээ тунхаглагдав.

23. Надаас болж бүдрээгүй нэг нь ерөөлтэй еэ! гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 7