Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 7:2-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг боол нь өвдөөд үхлүүт байжээ.

3. Тэр Есүсийн тухай сонсоод, Түүнийг ирж, боолын маань амийг авраач хэмээн гуйлгахаар иудейчүүдийн ахлагчдаас хэдэн хүнийг Түүн уруу явуулав.

4. Тэд Есүс дээр хүрч ирээд, Түүнээс хичээнгүйлэн гуйж—Тэр Танаас үүнийг гуйх зохистой нэгэн.

5. Тэр хүн манай үндэстнийг хайрладаг. Бидэнд синагог барьж өгсөн хүн бол тэр юм гэжээ.

6. Есүс тэдний хамт замд гарав. Тэгээд Түүнийг гэрээс нь холгүйхэн болох үед зуутын дарга андуудаа илгээн,—Эзэн, Та Өөрийгөө цаашаа бүү чилээ. Учир нь Таныг дээвэр дороо оруулах зохистой хүн би биш.

7. Иймээс би өөрийгөө ч Тан уруу очих нь зохисгүй хэмээн үзэв. Харин Та зөвхөн үгээ айлдаач, тэгвэл боол маань эдгэнэ.

8. Учир нь би ч мөн эрх мэдлийн дор байдаг хүн. Миний доор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явж, нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Боолдоо “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж Түүнд хэлүүлжээ.

9. Есүс үүнийг сонсоод ихэд гайхан, Өөрийг нь дагаж явсан олонд хандан—Та нарт Би хэлье. Ийм агуу итгэлийг Би Израильд хүртэл хараагүй шүү гэлээ.

10. Тийнхүү явуулсан хүмүүс нь буцаж ирээд мөнөөх боол эрүүл болсныг олж харав.

11. Үүний дараа удалгүй Есүс Найн хэмээх хот уруу явжээ. Шавь нар нь, мөн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа.

12. Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед хүмүүс нэг үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхноос нилээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв.

13. Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд—Бүү уйл гэв.

14. Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс—Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд

15. үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингээд Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв.

16. Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж эхлэн—Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ, мөн—Бурхан Өөрийн ард түмэн дээр ирлээ гэцгээж байлаа.

17. Түүний тухай энэхүү зар бүх Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа.

18. Шавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ.

19. Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж,—Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 7