Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 7:19-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж,—Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв.

20. Тэд Есүс дээр ирээд,—Баптисм хүртээгч Иохан биднийг Тань уруу илгээж “Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?” гэж асуулгаж байна гэжээ.

21. Яг тэр үед Есүс олон хүмүүсийг өвчин эмгэгээс нь ангижруулж, бузар сүнсийг нь зайлуулж байлаа. Сохорсон олон хүнд Тэр хараа оруулжээ.

22. Тэр тэдэнд—Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, доголон нь алхаж, уяман нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядуу нэгэнд нь сайн мэдээ тунхаглагдав.

23. Надаас болж бүдрээгүй нэг нь ерөөлтэй еэ! гэв.

24. Иоханы элч нар явмагц, Тэр хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв.—Та нар юу харах гэж цөл уруу очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү?

25. Тэгвэл та нар юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр гоёмсгоор хувцаслаж, баян тансаг амьдрагчид нь хаадын ордонд байдаг.

26. Тэгвэл та нар юу харах гэж явсан юм бэ? Эш үзүүлэгчийг үү? Тийм ээ, Би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм.

27. Түүний тухай“Харагтун, Би Чиний өмнө элчээ илгээнэ.Тэр элч Чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ”гэж бичигдсэн юм.

28. Эмэгтэйгээс төрөгсдийн дунд Иоханаас илүү агуу нэгэн байхгүй. Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ гэж айлдав.

29. Тийнхүү Иоханы баптисмаар баптисм хүртсэн бүх хүн, татвар хураагчид үүнийг сонсоод Бурхан шударга хэмээн хүлээн зөвшөөрчээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 7