Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 6:29-45 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Дээлийг чинь булаан авсан хүнээс цамцаа бүү харамла.

30. Гуйсан хүн бүрд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх.

31. Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд.

32. Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг шүү дээ.

33. Хэрэв та нар өөрт чинь сайныг үйлддэг хүмүүст сайныг үйлдвэл та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл мөн л тийн үйлддэг шүү дээ.

34. Хэрэв та нар эргүүлэн авна гэсэн хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг.

35. Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм.

36. Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун.

37. Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана.

38. Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ.

39. Тэр мөн тэдэнд сургаалт зүйрлэлээр—Сохор нь сохроо газарчилж чадна гэж үү? Хоёулаа нүхэнд унах биш үү?

40. Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Харин бүрэн суралцсаныхаа дараа хүн бүр багш шигээ болно.

41. Өөрийн нүдэн дэх дүнзээ ажиглаагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ?

42. Эсвэл чи нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ “Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадахъя” гэж яаж хэлж чадна вэ? Хоёр нүүртэн чи эхлээд өөрийн нүдэн дэх дүнзийг авч хая. Тэгж байж л чи сайн харж, ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг авна шүү дээ.

43. Учир нь муу үр жимс ургуулдаг сайн мод гэж байхгүй, түүнчлэн сайн үр жимс ургуулдаг муу мод гэж байхгүй.

44. Аливаа мод үр жимсээрээ танигддаг. Хүмүүс үүргэнээс инжрийг түүдэггүй шүү дээ. Мөн өргөст бутнаас усан үзэм түүхгүй.

45. Сайн хүн зүрхнийхээ үнэт баялгаас сайныг гаргадаг. Хорон муу нэгэн хорон муу баялгаасаа мууг гаргадаг аж. Учир нь зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг.

бүрэн бүлгийг уншина уу Лук 6