Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 6:24-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвширлаа дүүрнээр хүлээн авсан.

25. Эдүгээ цатгалан буй та нар золгүй еэ! Учир нь та нар өлсөх болно. Эдүгээ инээж буй та нар золгүй еэ! Учир нь та нар гашуудан уйлах болно.

26. Бүх хүмүүс та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй еэ! Учир нь тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.

27. Харин сонсогч хүмүүст Би хэлж байна. Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд.

28. Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир.

29. Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Дээлийг чинь булаан авсан хүнээс цамцаа бүү харамла.

30. Гуйсан хүн бүрд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх.

31. Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд.

32. Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг шүү дээ.

33. Хэрэв та нар өөрт чинь сайныг үйлддэг хүмүүст сайныг үйлдвэл та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл мөн л тийн үйлддэг шүү дээ.

34. Хэрэв та нар эргүүлэн авна гэсэн хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг.

35. Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм.

бүрэн бүлгийг уншина уу Лук 6