Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 12:6-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Таван бор шувуу хоёрхон ассараар худалдагддаггүй гэж үү? Гэсэн хэдий ч тэдний нэг нь ч Бурханы өмнө мартагдахгүй.

7. Үнэндээ толгой дээрх үс бүр чинь ч тоологдсон. Бүү ай. Та нар үй олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй.

8. Би та нарт хэлье. Хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч аливаа хүнийг Хүний Хүү Бурханы тэнгэр элч нарын өмнө хүлээн зөвшөөрөх болно.

9. Харин хүмүүсийн өмнө Намайг үгүйсгэгч хүн нь Бурханы тэнгэр элч нарын өмнө үгүйсгэгдэнэ.

10. Хүний Хүүгийн эсрэг үг хэлэгч аливаа хүн уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч нэгэн уучлагдахгүй.

11. Тэд та нарыг синагог, захирагчид, эрх баригчдын өмнө аваачихад та нар өөрсдийгөө хамгаалж яаж, юу гэж ярих, эсвэл юу хэлэх талаар бүү санаа зов.

12. Учир нь юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт зааж өгнө гэв.

13. Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд—Багш аа, гэр бүлийн өвийг надтай хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд

14. харин Тэр—Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, хөрөнгө хуваагчаар томилчихсон билээ? гэв.

15. Тэгээд Тэр тэдэнд хандан—Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм гэв.

16. Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа.—Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ.

17. Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж бодол болж,

18. “Миний хийх зүйл нь энэ юм. Амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална.

19. Тэгээд би сэтгэлдээ «Санаа сэтгэл минь, чамд хожмын олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ” гэсэнд,

20. харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ.

21. Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураагч бөгөөд Бурханы өмнө баян биш болой гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 12