Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 12:11-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэд та нарыг синагог, захирагчид, эрх баригчдын өмнө аваачихад та нар өөрсдийгөө хамгаалж яаж, юу гэж ярих, эсвэл юу хэлэх талаар бүү санаа зов.

12. Учир нь юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт зааж өгнө гэв.

13. Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд—Багш аа, гэр бүлийн өвийг надтай хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд

14. харин Тэр—Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, хөрөнгө хуваагчаар томилчихсон билээ? гэв.

15. Тэгээд Тэр тэдэнд хандан—Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм гэв.

16. Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа.—Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ.

17. Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж бодол болж,

18. “Миний хийх зүйл нь энэ юм. Амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална.

19. Тэгээд би сэтгэлдээ «Санаа сэтгэл минь, чамд хожмын олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ” гэсэнд,

20. харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ.

21. Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураагч бөгөөд Бурханы өмнө баян биш болой гэв.

22. Тэр шавь нартаа—Тиймээс Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж бүү санаа зов.

23. Яагаад гэвэл амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм.

бүрэн бүлгийг уншина уу Лук 12