Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Колоссай 3:9-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Бие биедээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ бузар муу зуршилтай нь тайлж,

10. шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу үнэн мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм.

11. Энд Грек ба Иудей, хөвч хөндүүлсэн ба хөвч хөндүүлээгүй, зэрлэгүүд, скутчууд, боол ба чөлөөт хүн гэж байхгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна.

12. Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс.

13. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил.

14. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм.

15. Христийн амар тайван та нарын зүрх сэтгэлийг захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун.

16. Бурханд хандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд хийгээд бүх мэргэн ухаанаар та нар бие биедээ заан, бие биеэ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.

17. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөн, бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.

18. Эхнэрүүд ээ, Эзэний таалалд нийцүүлж нөхөртөө захирагдагтун.

19. Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуу ханд.

20. Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Ингэх нь Эзэнд таалагдана.

бүрэн бүлгийг уншина уу Колоссай 3