Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 11:15-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Та нарыг итгүүлэхийн тулд, тэнд байгаагүйдээ Би та нарын төлөө баяртай байна. Харин одоо түүн уруу явцгаая гэж айлдлаа.

16. Гэтэл Ихэр гэгддэг Томас бусад шавь нарт—Цөмөөрөө бас явцгаая. Тэгээд Түүнтэй хамт үхье гэж хэлэв.

17. Есүс ирээд, Лазар булшинд дөрвөн хоног байсныг мэдэв.

18. Бетан Иерусалимаас холгүй арван таван стадиа орчмын тэртээ байдаг аж.

19. Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудейчүүд тэднийд иржээ.

20. Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суусаар үлдлээ.

21. Марта Есүст—Эзэн, Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан.

22. [Тийм боловч] одоо Та Бурханаас юу ч гуйсан, Бурхан Танд өгнө гэдгийг би мэдэж байна гэв.

23. Есүс түүнд—Чиний ах амилна гэхэд

24. Марта Түүнд—Эцсийн өдрийн амилалтад тэр амилна гэдгийг би мэднэ гэв.

25. Есүс Мартад—Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна.

26. Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Чи үүнд итгэж байна уу? гэж асуув.

27. Марта—Тийм ээ, Эзэн. Та бол Бурханы Хүү болох Христ, ертөнцөд ирэх Нэгэн мөн гэдэгт би итгэсэн гэлээ.

28. Үүнийг хэлээд тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэн—Багш энүүхэнд байна. Чамайг дуудаж байна гэхэд

29. Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив.

30. Есүс тосгонд хараахан хүрч очоогүй агаад харин Мартатай уулзсан тэр газраа л байж байлаа.

31. Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг хараад араас нь дагав. Тэд түүнийг булшин дээр очин уйлахаар явлаа хэмээн боджээ.

32. Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад Есүсийн хөлд унаж,—Эзэн, хэрэв Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 11