Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Галат 2:11-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Харин Кефийг Антиохт ирэхэд би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцэв. Яагаад гэвэл тэр буруутан болоод байлаа.

12. Учир нь Иаковаас хэдэн хүн ирэхээс өмнө тэр харь үндэстнүүдтэй хамт хооллодог байв. Харин тэднийг ирэхэд тэр хөвч хөндөх ёслол үйлдсэн хүмүүсээс эмээж, харь үндэстнүүдээс салж яван, зай барив.

13. Бусад иудейчүүд ч түүний хамт хоёр нүүр гаргацгаасан. Түүнчлэн Барнаб хүртэл хоёр нүүр гаргаж, тэдэнд татагдсан юм.

14. Харин би сайн мэдээний үнэнээр тэдний цэх шулуун явахгүй байгааг хараад, бүгдийн өмнө Кефт хандан “Чи иудей хүн байж, иудейчүүд шиг биш, харин харь үндэстэн шиг амьдардаг хэрнээ яагаад харь үндэстнүүдийг иудейн маягаар амьдар гэж албадна вэ?” гэж хэлсэн.

15. Бид төрөлхийн иудейчүүд бөгөөд харь үндэстнүүдийн дундах нүгэлтнүүд биш.

16. Гэсэн хэдий ч хүн Хуулийн үйлсээр бус, харин Христ Есүст итгэх итгэлээр зөвтгөгддөг гэдгийг мэднэ. Тиймээс бид ч гэсэн Хуулийн үйлсээр бус, харин Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөхийн тулд Христ Есүст итгэсэн шүү дээ. Яагаад гэвэл нэг ч махан бие Хуулийн үйлсээр зөвтгөгдөхгүй.

17. Хэрэв бид Христ дотор зөвтгөгдөхийг эрмэлзэх зуураа өөрсдөө нүгэлтнүүд болох нь илэрхийлэгдвэл, энэ нь Христ нүглийн үйлчлэгч гэсэн үг үү? Огт үгүй.

18. Учир нь хэрэв би нэгэнт сүйтгэсэн юмаа дахиж босговол өөрийгөө буруутан хэмээн баталж байгаа хэрэг болно.

19. Учир нь би Бурханд амьд байхын тулд Хуульд Хуулиар үхсэн.

20. Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Эдүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм.

21. Би Бурханы нигүүлслийг хүчингүй болгохгүй. Учир нь хэрэв зөвт байдал нь Хуулиар ирдэг бол Христ дэмий үхсэн аж.

бүрэн бүлгийг уншина уу Галат 2