Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Филиппой 2:13-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Учир нь Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм.

14. Бүхнийг гоморхолгүйгээр, маргалгүйгээр хийцгээ.

15. Ингэснээр та нар гэрэл мэт үзэгдэн дунд нь амьдардаг буруу, гажууд үеийнхний дотор өөрсдийгөө гэм зэмгүй, буруугүй Бурханы хүүхдүүд гэдгээ батлах юм.

16. Амийн үгээс баттай баригтун. Тэгвэл би дэмий ажиллаагүй, дэмий гүйгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно.

17. Хэрэв би та нарын итгэлийн үйлчлэл ба тахил дээр ундаан өргөл болон асгагдаж байгаа ч баярлаж, өөрийн баяр хөөрөө та бүхэнтэй хуваалцана.

18. Түүнчлэн та нар ч баярлаж, баяр хөөрөө надтай хуваалцаарай.

19. Тимотыг та нар уруу удахгүй илгээнэ гэж би Эзэн Есүст найдаж байна. Тэгвэл та нарын байдлын талаар сонсоод, би бас урам зоригтой байх болно.

20. Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай өөр хэн ч надад алга.

21. Учир нь тэд бүгд Христ Есүсийнхийг биш, өөрсдийн сонирхлыг эрдэг.

22. Харин Тимот надтай хамт хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг сайн мэдээний төлөө үйлчлэн өөрийгөө хэрхэн нотолсныг та нар мэднэ.

23. Тиймээс миний байдал надад илэрхий болмогц даруй түүнийг илгээнэ гэж би найдаж байна.

24. Би өөрөө мөн удахгүй очно гэж Эзэнд итгэж байна.

бүрэн бүлгийг уншина уу Филиппой 2