Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 20:8-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Таяг ав. Чи өөрийн ах Ааронтай хамт чуулганыг цуглуулаад, тэдний нүдний өмнө усыг нь гаргуулахаар хадтай яригтун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж, чуулган ба тэдний малыг услагтун гэв.

9. Тийнхүү ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе Түүний өмнөөс таяг авав.

10. Мосе, Аарон нар хадны өмнө чуулганыг цуглуулав. Тэрээр тэдэнд—Тэрслэгчид та нар, одоо сонсогтун. Бид энэ хаднаас та нарт зориулж ус гаргах ёстой юу? гэлээ.

11. Дараа нь Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, чуулган болон тэдний мал амьтад ууцгаав.

12. Харин ЭЗЭН Мосе, Аарон нарт айлдан—Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв.

13. Энэ ус нь Мерибагийн ус байжээ. Учир нь тэнд Израилийн хөвгүүд ЭЗЭНтэй мэтгэлцсэн бөгөөд Тэрээр тэдний дунд Өөрийн ариун болохыг нотолсон билээ.

14. Мосе дараа нь Кадешаас Едомын хаан уруу элч нарыг илгээж,—Таны дүү Израиль ингэж хэлсэн. “Бидний дээр унасан бүх зовлонг та мэднэ.

15. Бидний өвөг дээдэс Египет уруу явж, бид Египетэд удаан хугацаагаар байсан бөгөөд египетчүүд бидэнд болон өвөг дээдэст маань муугаар хандаж байсан билээ.

16. Гэвч бид ЭЗЭН уруу хашхирахад, Тэр дууг маань сонсон, тэнгэр элчийг илгээн, биднийг Египетээс гаргасан болой. Одоо харагтун, бид танай нутаг дэвсгэрийн захад орших Кадеш хотод байна.

17. Нутгаар тань дамжин өнгөрөхийг бидэнд зөвшөөрөөч? Бид тариан талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгийг дайран өнгөрөхгүй. Бид худгаас ч ус уухгүй. Бид нутгийг тань дамжин өнгөртлөө баруун тийш ч, зүүн тийш ч эргэлгүй хааны их замын дагуу явах болно” гэв.

18. Гэвч Едом түүнд—Чи манайхаар дамжин өнгөрч болохгүй. Эс бөгөөс би чиний эсрэг илдтэйгээр гарах болно хэмээв.

19. Дахин Израилийн хөвгүүд түүнд—Бид их замаар л явах болно. Хэрэв би болон сүрэг маань танай аливаа уснаас уух аваас би үнийг нь төлөх болно. Зөвхөн хөлөөрөө дамжин өнгөрөхийг надад зөвшөөрөөч, өөр юу ч хэрэггүй гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 20