Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 20 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган нэгдүгээр сард Зиний цөлд иржээ. Ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд нас барж, тэндээ оршуулагдлаа.

2. Тэнд чуулган ус байхгүй байсан бөгөөд тэд Мосе, Аарон нарын эсрэг цуглацгаав.

3. Ард олон Мосетэй мэтгэлцэн,—Бидний ах дүүс ЭЗЭНий өмнө мөхөх үед бид ч мөхсөн болоосой!

4. Биднийг болон мал амьтдыг маань энд үхүүлэхээр юунд чи ЭЗЭНий чуулганыг энэ цөлд авчрав?

5. Биднийг энэ ёрын газар авчрахаар юунд чи биднийг Египетээс гаргав? Энэ чинь үр тариа, инжир, усан үзэм, анарын газар нутаг биш, энд уух ус ч алга гэцгээв.

6. Тэгэхэд нь Мосе, Аарон нар чуулганы дундаас хурлын майхны үүд уруу гарч очин, нүүрээрээ унав. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан тэдэнд үзэгдлээ.

7. ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

8. Таяг ав. Чи өөрийн ах Ааронтай хамт чуулганыг цуглуулаад, тэдний нүдний өмнө усыг нь гаргуулахаар хадтай яригтун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж, чуулган ба тэдний малыг услагтун гэв.

9. Тийнхүү ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе Түүний өмнөөс таяг авав.

10. Мосе, Аарон нар хадны өмнө чуулганыг цуглуулав. Тэрээр тэдэнд—Тэрслэгчид та нар, одоо сонсогтун. Бид энэ хаднаас та нарт зориулж ус гаргах ёстой юу? гэлээ.

11. Дараа нь Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, чуулган болон тэдний мал амьтад ууцгаав.

12. Харин ЭЗЭН Мосе, Аарон нарт айлдан—Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв.

13. Энэ ус нь Мерибагийн ус байжээ. Учир нь тэнд Израилийн хөвгүүд ЭЗЭНтэй мэтгэлцсэн бөгөөд Тэрээр тэдний дунд Өөрийн ариун болохыг нотолсон билээ.

14. Мосе дараа нь Кадешаас Едомын хаан уруу элч нарыг илгээж,—Таны дүү Израиль ингэж хэлсэн. “Бидний дээр унасан бүх зовлонг та мэднэ.

15. Бидний өвөг дээдэс Египет уруу явж, бид Египетэд удаан хугацаагаар байсан бөгөөд египетчүүд бидэнд болон өвөг дээдэст маань муугаар хандаж байсан билээ.

16. Гэвч бид ЭЗЭН уруу хашхирахад, Тэр дууг маань сонсон, тэнгэр элчийг илгээн, биднийг Египетээс гаргасан болой. Одоо харагтун, бид танай нутаг дэвсгэрийн захад орших Кадеш хотод байна.

17. Нутгаар тань дамжин өнгөрөхийг бидэнд зөвшөөрөөч? Бид тариан талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгийг дайран өнгөрөхгүй. Бид худгаас ч ус уухгүй. Бид нутгийг тань дамжин өнгөртлөө баруун тийш ч, зүүн тийш ч эргэлгүй хааны их замын дагуу явах болно” гэв.

18. Гэвч Едом түүнд—Чи манайхаар дамжин өнгөрч болохгүй. Эс бөгөөс би чиний эсрэг илдтэйгээр гарах болно хэмээв.

19. Дахин Израилийн хөвгүүд түүнд—Бид их замаар л явах болно. Хэрэв би болон сүрэг маань танай аливаа уснаас уух аваас би үнийг нь төлөх болно. Зөвхөн хөлөөрөө дамжин өнгөрөхийг надад зөвшөөрөөч, өөр юу ч хэрэггүй гэлээ.

20. Харин тэр—Чи дамжин өнгөрч болохгүй хэмээн хариулав. Едом нь их хүч, хатуу нударгаар түүний эсрэг гарав.

21. Тийнхүү Едом өөрийн нутаг дэвсгэрээр Израилийг дамжин өнгөрүүлэхээс татгалзжээ. Ингээд Израиль түүнээс эргэв.

22. Тэд Кадешаас хөдлөх үед Израилийн хөвгүүдийн бүх чуулган Хор ууланд хүрэв.

23. Дараа нь ЭЗЭН Едомын нутгийн хил дээр Хор ууланд Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа—

24. Аарон өөрийн ард олон уруу аваачигдах болно. Учир нь та нар Мерибагийн усны дэргэд Миний тушаалын эсрэг тэрсэлсэн учраас Израилийн хөвгүүдэд Миний өгөх нутагт тэрээр орохгүй.

25. Аарон болон түүний хүү Елиазарыг авч, тэднийг Хор ууланд авчрагтун.

26. Аароны хувцсыг тайлан, хүү Елеазарт нь өмсгөгтүн. Тийнхүү Аарон өөрийн ард олонд аваачигдах бөгөөд тэндээ үхэх болно хэмээв.

27. Ийнхүү Мосе ЭЗЭНий тушаасан ёсоор хийж, тэд бүх чуулганы нүдний өмнө Хор уул уруу гарав.

28. Мосе Аароны хувцсыг тайлан авч хүү Елеазарт нь өмсгөсний дараа Аарон тэнд уулын орой дээр үхэв. Дараа нь Мосе, Елеазар нар уулнаас буув.

29. Бүх чуулган нь Аароны үхсэнийг хараад, Израилийн бүх гэр Аароны хойноос гуч хоногийн турш уйлалдав.