Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 7:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иеруббаал (энэ нь Гидеон) болон түүний хамт байсан хамаг ардууд эртлэн босож, Хародын булгийн дэргэд хуарагнан буув. Мидианчуудын хуаран тэднээс умард зүгт, Морегийн толгодын хажууд хөндийд байлаа.

2. ЭЗЭН Гидеонд—Чамтай байгаа хүмүүс нь Миний хувьд мидианчуудыг Израилийн гарт өгөхөд хэтэрхий олон байна. Учир нь Израиль “Би өөрийн хүчээр өөрийгөө аварсан” гэж бардамнаж магадгүй юм.

3. Тийм учраас одоо хүмүүст “Айж сүрдэж байгаа хүн бүр буцан, Гилеад уулаас холдогтун” хэмээн тунхагла гэж айлдав. Ингэсэнд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв.

4. Тэгэхэд ЭЗЭН Гидеонд—Ардууд мөн л дэндүү олон байна. Тэднийг ус уруу дагуулан аваач. Тэнд Би чиний төлөө тэднийг сорьё. Миний чамд “Энэ нь чамтай хамт явна” гэж хэлсэн хүн чамтай хамт явах болно. Харин Миний чамд “Энэ нь чамтай хамт явж болохгүй” гэж хэлсэн бүхэн явах ёсгүй гэж айлдлаа.

5. Ингээд Гидеон ардуудыг ус уруу дагуулан авчирсан. ЭЗЭН Гидеонд айлдан—Нохой шиг хэлээрээ ус долоогчдыг өвдөглөн сууж ус ууж буй хүмүүсээс салга гэв.

6. Амандаа гараараа ойртуулан долоох мэт уугч нь гурван зуун хүн байв. Харин үлдсэн ардууд бүгд өвдөг сөгдөн ус ууж байлаа.

7. ЭЗЭН Гидеонд—Би чамайг ус долоогч гурван зуун хүний хамт аварч, мидианчуудыг та нарын гарт тушаана. Тиймээс үлдсэн бүх хүнийг гэр гэр уруу нь хариул гэж айлдав.

8. Тэгээд гурван зуун эр бусдынхаа хүнс болон эвэр бүрээг гартаа авчээ. Гидеон гурван зуун хүнийг үлдээн, бусдыг нь өөр өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулсан бөгөөд Мидианы хуаран нь түүний доор, хөндийд харагдаж байв.

9. Тэр шөнө ЭЗЭН Гидеонд айлдан—Бос, тэр хуаран уруу оч. Учир нь Би тэр хуаранг чиний гарт өгсөн.

10. Гэвч хэрэв чи явахаасаа айж байвал өөрийнхөө зарц Пуратай хамт хуаран уруу очоод,

11. тэдний юу ярилцаж байгааг сонс. Ингэсний дараа чи хуаран уруу дайрах хүч зоригтой болно гэв. Тэгээд Гидеон, зарц Пурагийн хамт хуаран дахь цэргийн харуулууд уруу явцгаав.

12. Тэнд мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд хөндийд дүүрэн царцаа мэт олноороо хэвтэж байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй болой.

13. Гидеон тэнд очоод харсанд нэгэн хүн найздаа зүүдээ ярьж байв. Тэр—Үзэгтүн. Би нэгэн зүүд зүүдэллээ. Зүүдэнд арвайн гурилаар хийсэн нэгэн талх мидианчуудын хуаранд өнхөрч ирээд, майханд хүрч мөргөсөнд майхан нурж унав гэсэнд

14. найз нь—Энэ чинь Иоашийн хөвгүүн Израиль хүн Гидеоны илднээс гарцаагүй. Бурхан Мидиан болон бүх хуаранг түүний гарт өгчээ гэж хариулав.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 7