Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 4:3-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэд есөн зуун төмөр тэрэгтэй байсан бөгөөд хорин жилийн турш Израилийн хөвгүүдийг харгислан дарлаж байсан тул Израилийн хөвгүүд ЭЗЭНээс хашхиран гуйв.

4. Тэр үед Лаппидотын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Дебора Израилийг шүүж байв.

5. Тэр эмэгтэй Ефраимын уулархаг нутаг дахь Рама болон Бетелийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор суудаг байв. Израилийн хөвгүүд маргаанаа таслуулж, шүүгдэхийн тулд түүн дээр ирдэг байлаа.

6. Кедеш-нафталид амьдардаг Абиноамын хөвгүүн Баракт, Дебора элч илгээж,—Харагтун, Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрсийг дагуул.

7. Би Иабины цэргийн жанжин Сисераг тэрэгнүүдтэй нь болон олон цэрэгтэй нь хамт Кишон голын зүг та нар уруу явуулж, та нарын гарт тушаана” гэв гэж хэлүүлэв.

8. Тэгтэл Барак Деборад—Хэрэв та надтай хамт явбал, би явна. Харин та надтай хамт явахгүй бол би явахгүй гэв.

9. Дебора—Мэдээж би чамтай хамт явна, харин чиний хийх гэж буй аянд чи алдаршихгүй, учир нь ЭЗЭН Сисераг нэгэн эмэгтэйн гарт тушаана гэв. Ингээд Дебора босож, Барактай хамт Кедеш уруу явав.

10. Барак Зебулун болон Нафталийг Кедешт дуудан цуглуулж, арван мянган эрс түүнийг дагасан бөгөөд Дебора ч түүний хамт явав.

11. Кен хүн Хебер нь Мосегийн хадам эцэг Хобабын хөвгүүд болох кенчүүдээсээ салж, Кедешийн ойролцоо байх Заананним дахь царс модны дэргэд майхнаа босгов.

12. Абиноамын хөвгүүн Барак Табор ууланд гарсныг хүмүүс Сисерад хэлсэнд,

13. Сисера өөрийн есөн зуун төмөр тэргээ, өөртэйгөө хамт байсан бүх хүмүүсээ Харошет-хагоимаас Кишон гол уруу цуглуулжээ.

14. Дебора Баракт хандан—Бос! Өнөөдөр ЭЗЭН чиний гарт Сисераг өгнө. Үзэгтүн, ЭЗЭН чиний өмнө явсан гэв. Ингээд Барак Табор уулаас арван мянган эрсийг дагуулан буулаа.

15. ЭЗЭН Баракийн өмнө Сисера болон түүний бүх тэрэг, цэргүүдийг илдний ирээр хядсанд, Сисера тэргээ хаян, явганаар зугтан одлоо.

16. Харин Барак тэрэг болон цэргүүдийг нь Харошет-хагоимаас холын холд нэхэн хөөж, Сисерагийн цэргүүдийг нэгийг ч үлдээлгүй бүгдийг илдний ирээр цавчин унагаав.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 4