Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 16:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Самсон Газад ирж, нэгэн янхан эмийг хараад, түүн дээр оров.—

2. Самсон энд ирэв хэмээн Газынханд мэдэгдсэнд тэд тус газрыг бүсэлж, хотын хаалганд бүхэл шөнө нуугдан түүнийг хүлээв. Тэд бүхэл шөнийн турш нам гүм байж,—Үүр цайтал хүлээж байгаад, түүнийг алъя хэмээн хэлэлцэцгээжээ.

3. Самсон шөнө дунд хүртэл унтаад, шөнө дөлөөр босож, хотын хаалга болон хоёр баганыг нь авч, цуурга модтой нь хамт сугалж, мөрөн дээрээ тавин, Хеброны харалдаах уулын оройд үүрэн аваачив.

4. Түүний дараа Сорекийн хөндийд амьдардаг Делила хэмээх эмэгтэйд Самсон дурлав.

5. Филистийн ноёд тэр эмэгтэй уруу ирж, түүнд—Самсоныг аргадан, түүний агуу хүч чадал хаана нь оршдогийг болон хэрхэн бид түүнийг дийлж, хүлээд, зовоож болох талаар олж мэдэгтүн. Тэгвэл бидний хүн нэг бүр чамд мянга нэг зуун мөнгөн зоос өгнө гэв.

6. Тиймээс Делила Самсонд—Чиний агуу хүч чадал юунд байгаа бөгөөд яавал чамайг хүлж зовоож чадах вэ? Надад хэлж өгөөч? хэмээн гуйсанд

7. Самсон түүнд—Хэрэв тэд намайг хатаагүй долоон шинэхэн нумын хөвчөөр хүлбэл би дорой болж, бусад хүний адил болно гэв.

8. Филистийн ноёд хатаагүй долоон шинэхэн нумын хөвчийг өнөөх эмэгтэйд авчирсанд тэр түүгээр Самсоныг хүлэв.

9. Тэр эмэгтэй мухрын өрөөндөө хэдэн хүнийг нуусан байв. Тэгээд тэр—Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Гэвч Самсон бөх олсыг галд хүргэн таслах мэт нумын хөвчийг таслав. Ингээд түүний хүч чадлын нууц илчлэгдсэнгүй.

10. Делила Самсонд—Чи намайг мэхлэн, надад худал хэлсэн билээ. Чамайг юугаар хүлж болохыг одоо надад хэл л дээ гэв.

11. Самсон түүнд—Хэрэв тэд хэрэглэж байгаагүй цоо шинэ олсоор намайг чанга хүлбэл би дорой болж, жирийн хүний адил болно гэв.

12. Делила цоо шинэ олс авч, түүнийг хүлээд—Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Мухрын өрөөнд хэдэн эрчүүд нуугдсан байлаа. Гэвч Самсон тэр олсыг утас мэт таслан гараасаа унагав.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 16