Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 28:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Давид Израилийн бүх түшмэд, овгуудын захирагчид, хаанд үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, түшмэд, хүчит эрс болох бүх зоригт баатруудыг Иерусалимд цуглуулжээ.

2. Тэгээд Давид хаан хөл дээрээ босон,—Миний ах дүүс болон миний ард түмэн, намайг сонсогтун. Би ЭЗЭНий гэрээний авдар болон бидний Бурханы хөлийн тавиуранд зориулан байнгын өргөө барихыг хүссэн юм. Иймээс би түүнийг барихад бэлтгэсэн билээ.

3. Гэвч Бурхан надад “Чи дайнч хүн ба цус урсгасан тул Миний нэр алдарт зориулан сүм барьж болохгүй” гэж айлдсан билээ.

4. Гэсэн ч ЭЗЭН болох Израилийн Бурхан намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар сонгосон юм. Иудагийн гэр, миний эцгийн гэр болон миний эцгийн хөвгүүдийн дундаас Тэрээр намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ.

5. Миний бүх хөвгүүнээс (учир нь ЭЗЭН надад олон хөвгүүд өгсөн) Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонгов.

6. Тэр надад айлдахдаа “Миний өргөө болон Миний хашаануудыг барих хүн бол чиний хүү Соломон юм. Учир нь Би түүнийг Өөрийн хөвгүүн болгохоор сонгосон бөгөөд Би түүнд эцэг нь байх болно.

7. Тэрээр одоо үйлддэг шигээ Миний тушаал, Миний заавруудыг чармайн сахивал, Би түүний хаанчлалыг үүрд мөнхөд тогтооно” гэсэн юм.

8. Иймээс одоо, та нар ЭЗЭНий чуулган болох бүх Израилийн нүдний өмнө, бидний Бурханы сонорт өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалыг сахин мөрдөхөө хэлэгтүн. Тэгвэл та нар энэ сайхан газрыг эзэмшиж, түүнийгээ өөрсдийн үр удамд мөнхөд өвлүүлэх болно.

9. Миний хүү Соломон оо, өөрийн эцгийн Бурханыг таньж мэдэн, бүх зүрх болон оюун ухаанаараа Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН бүх зүрхнүүдийг шалгаж, бодол санааны хандлага бүрийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Түүнийг олно. Харин чи Түүнийг умартах аваас, Тэр чамайг мөнхөд орхино.

10. Ариун газарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосон тул одоо үүнийг анхааралдаа ав. Зоригтой байж, үйлдэгтүн хэмээв.

11. Дараа нь сүмийн үүдний танхим, түүний барилга байгууламж, түүний агуулахууд, түүний дээд өрөөнүүд, түүний дотор өрөөнүүд болон өршөөлийн суудалд зориулсан өрөө зэргийн загвар зургийг Давид өөрийн хүү Соломонд өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 28