Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 23:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Долоо дахь жил Иехоиада өөрийгөө хүчирхэгжүүлэн, зуутын дарга нар болох Иерохамын хүү Азариа, Иохананы хүү Ишмаел, Обедын хүү Азариа, Адаиагийн хүү Маасеиа, Зихрийн хүү Елишафат нарыг авч, тэдэнтэй гэрээ тогтоов.

2. Тэд Иуда даяар явж, Иудагийн бүх хотуудаас левичүүдийг, мөн Израилийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдийг цуглуулав. Тэд Иерусалимд ирцгээв.

3. Тэгээд бүх чуулган хаантай Бурханы өргөөнд гэрээ байгуулав. Иехоиада тэдэнд—Харагтун, Давидын хөвгүүдийн талаар ЭЗЭН айлдсаны дагуу хааны хүү хаанчлах болой.

4. Та нарын хийх зүйл бол энэ юм. Амралтын өдөр ирдэг тахилч нар болон левичүүд та бүгдийн гуравны нэг нь дааман хаалганы сахиулууд болог.

5. Гуравны нэг нь хааны ордонд, мөн гуравны нэг нь Суурийн Дааман хаалган дээр байгтун. Бүх ард олон ЭЗЭНий өргөөний хашаанд байгтун.

6. Харин тахилч нар болон үйлчилж буй левичүүд ариун учраас нэвтрэн орж болно. Тэднээс өөр нэг ч хүнийг ЭЗЭНий өргөөнд бүү нэвтрүүл. Бүх хүн ЭЗЭНий тушаасныг сахигтун.

7. Леви хүн бүр зэвсгээ гартаа авч хааныг хүрээлэн зогсох болно. Өргөөнд нэвтэрсэн хэнийг ч болов алагтун. Хаантныг орж, гарахад ийм байгтун гэв.

8. Ингээд левичүүд болон бүх иудачууд тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэжээ. Тахилч Иехоиада аль ч бүлгийг тараагаагүй учир тэдний хүн бүр амралтын өдөр орж ирдэг, гардаг эрсээ дагуулан ирэв.

9. Тэгээд тахилч Иехоиада зуутын дарга нарт Бурханы өргөөн дэх, Давид хааных байсан жаднууд болон том, жижиг бамбайнууд өгчээ.

10. Тэрээр хүн бүрийн гарт нь зэвсгийг нь бариулаад, өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлүүлэн тахилын ширээ болон өргөөний хажуугаар бүх хүнийг зогсоосон юм.

11. Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгч, түүнийг хаан болгов. Иехоиада болон түүний хөвгүүд түүнд тос цутган,—Хаан мөнх наслах болтугай! гэцгээв.

12. Аталиа ард түмний гүйлдэх болон хааныг магтах дуу чимээг сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж иржээ.

13. Түүнийг харахад, хаан үүдэнд баганын дэргэд зогсож, ахмадууд болон бүрээчид хааны хажууд зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээнүүдээ хүнгэнүүлж, дуучид хөгжимдөн магтаалыг удирдаж байв. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад,—Тэрслэлт! Тэрслэлт! хэмээжээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 23