Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 20:23-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Аммон болон Моабын хөвгүүд Сеир уулынхны эсрэг босож, тэднийг хүйс тэмтрэв. Тэд сеирийнхнийг устгаж дуусгасны дараа нэг нэгнээ устгахад тусалжээ.

24. Иудачууд цөлийн харуулын цамхаг уруу ирээд, мөнөөх асар их цэргийг хартал, тэд газраар дүүрэн хүүр болон хэвтэж, хэн ч амь гараагүй байв.

25. Иехошафат өөрийн хүмүүстэйгээ олзоо авахаар ирэхдээ эд зүйл, хувцас болон үнэт зүйлс зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз авч байв.

26. Тэгээд дөрөв дэх өдөр тэд Беракагийн хөндийд цугласан бөгөөд тэнд тэд ЭЗЭНийг магтсан билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийг хүртэл “Беракагийн Хөндий” хэмээн нэрлэсэн билээ.

27. Иуда болон Иерусалимын бүх хүмүүс Иехошафатаар тэргүүлүүлэн Иерусалим уруу баяр хөөртэйгөөр буцжээ. Учир нь ЭЗЭН тэднийг дайсных нь ялагдалд баярлуулсан юм.

28. Тэд Иерусалимд ЭЗЭНий өргөө уруу босоо ятга, ятга, бүрээн дуутай ирсэн юм.

29. Израилийн дайснуудын эсрэг ЭЗЭН Өөрөө дайтсаныг тэд сонсоод, дэлхийн бүх хаанчлалууд дээр Бурханы өгсөн айдас нөмрөн байв.

30. Ийнхүү Иехошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талд түүнд амралтыг өгсөн юм.

31. Иехошафат Иудаг захирав. Тэрээр хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчилжээ. Түүний эх нь Шилхийн охин Азуба байв.

32. Тэрээр өөрийн эцэг Асагийн замаас гаралгүй замнаж, ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлджээ.

33. Харин мөргөлийн өндөрлөгүүд устаагүй. Ард түмэн зүрх сэтгэлээ өөрсдийн эцэг өвгөдийн Бурхан уруу хараахан хандуулаагүй байв.

34. Иехошафатын бусад үйлс эхнээсээ төгсгөл хүртэл, харагтун, тэд Израилийн Хаадын Номд бичигдсэн Хананигийн хүү Иехүгийн шастирт тэмдэглэгдсэн юм.

35. Үүний дараа Иудагийн хаан Иехошафат Израилийн хаан Ахазиатай нэгдэв. Ингэснээрээ тэр бузар муу хэрэг хийв.

36. Таршиш уруу явах хөлөг онгоцнуудыг хийхийн тулд Иехошафат түүнтэй нэгдэж, тэд Езион-геберт онгоцнуудыг хийв.

37. Тэгэхэд Марешагийн Додавахугийн хүү Елиезер Иехошафатын эсрэг эш үзүүлж,—Чи Ахазиатай нэгдсэн учир ЭЗЭН чиний ажлыг нураалаа гэв. Тиймээс хөлөг онгоцнууд нь сүйрч, Таршиш уруу явж чадсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 20