Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дэд 20:15-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэрээр—Бүх Иуда, Иерусалимын оршин суугчид болон Иехошафат хаан аа, сонсоцгоо. ЭЗЭН та нарт ийн айлдахдаа “Энэ асар их цэргээс болж бүү айж, бүү зүрх алдагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм.

16. Маргааш тэдний өөдөөс явагтун. Харагтун, тэд Зизийн өгсүүр замаар гарч ирэх бөгөөд та нар тэднийг Иеруелийн цөлийн өмнүүр хөндийн адгаас олох болно.

17. Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Өө, Иуда болон Иерусалим аа, өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарын төлөөх ЭЗЭНий авралыг харагтун” гэв. Бүү айж, бүү зүрх алдагтун. Маргааш тэдэнтэй нүүрээрээ тулгарахаар яв, учир нь ЭЗЭН та нартай хамт байна” хэмээв.

18. Иехошафат нүүрээ газар уруу харуулан тэргүүнээ бөхийлгөсөн бөгөөд бүх иудачууд болон Иерусалимын оршин суугчид ЭЗЭНий өмнө унаж, ЭЗЭНд мөргөв.

19. Кохатчуудын болон корачуудын хөвгүүдээс гаралтай левичүүд маш чанга дуу хоолойгоор Израилийн Бурхан ЭЗЭНийг магтахаар зогслоо.

20. Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож,—Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа өөрсдийн Бурхан ЭЗЭНд өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв.

21. Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө яван,—ЭЗЭНий хайр энэрэл үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа.

22. Тэднийг дуулж, магтаж эхэлмэгц, Иудагийн эсрэг ирсэн Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийн эсрэг ЭЗЭН отох нуувчуудыг тавьсанд тэд сүйрцгээв.

23. Аммон болон Моабын хөвгүүд Сеир уулынхны эсрэг босож, тэднийг хүйс тэмтрэв. Тэд сеирийнхнийг устгаж дуусгасны дараа нэг нэгнээ устгахад тусалжээ.

24. Иудачууд цөлийн харуулын цамхаг уруу ирээд, мөнөөх асар их цэргийг хартал, тэд газраар дүүрэн хүүр болон хэвтэж, хэн ч амь гараагүй байв.

25. Иехошафат өөрийн хүмүүстэйгээ олзоо авахаар ирэхдээ эд зүйл, хувцас болон үнэт зүйлс зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз авч байв.

26. Тэгээд дөрөв дэх өдөр тэд Беракагийн хөндийд цугласан бөгөөд тэнд тэд ЭЗЭНийг магтсан билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийг хүртэл “Беракагийн Хөндий” хэмээн нэрлэсэн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дэд 20