Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 25:8-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Та нар бас долоон амралтын жилийг тоолох ёстой. (долоон жилийг долоогоор үржүүлэн) Ингэвэл долоон амралтын жилүүдийн хугацаа буюу дөчин есөн жил болно.

9. Тэгээд та нар хуцын эврэн бүрээг долоо дахь сарын аравны өдөр хаа сайгүй дуугаргах бөгөөд эвлэрүүллийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргагтун.

10. Ингэж та нар тавь дахь жилийг ариусган, нутаг даяар бүх оршин суугчдад эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эврийн бүрээдэлт болох бөгөөд та нарын хүн нэг бүр өөрийн эзэмшил уруу буцаж явна. Хүн нэг бүр өөрийн ураг уруугаа буцаж явах болой.

11. Тавь дахь жил нь та нарт эврийн бүрээдэлтийнх болох юм. Та нар тариалахгүй, зөнгөөрөө ургасныг нь ч хураахгүй, тайрагдаагүй усан үзмийн модноос ч жимсийг цуглуулахгүй байх ёстой юм.

12. Учир нь энэ бол эврийн бүрээдэлт бөгөөд та нарт ариун байх ёстой. Талбайгаас гарах ургацыг идэгтүн.

13. Эврийн бүрээдэлтийн энэ жилд та нарын хүн нэг бүр өөрийн эзэмшил уруу буцаж яв.

14. Түүнээс гадна, хэрэв чи анддаа юм худалдах, эсвэл андынхаа гараас юм худалдан авах аваас та нар бие биедээ бурууг хийхгүй байгтун.

15. Эврийн бүрээдэлтээс хойших жилүүдийн тоонд тааруулан чи андаасаа юм худалдан авах бөгөөд тэрээр ургацын жилүүдийн тооны дагуу чамд худалдах ёстой.

16. Жилүүдийн ихсэх тусам та нар үнийг нь өсгөж, жилүүдийн цөөрөх тусам үнийг нь багасгах ёстой. Учир нь түүний чамд зарж буй нь ургацын тоо юм.

17. Тиймээс та нар бие биедээ бурууг хийлгүй, харин өөрсдийн Бурханаас эмээгтүн. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

18. Нутаг дээрээ аюулгүй амьдрахын тулд та нар Миний тогтоолыг даган мөрдөж, Миний зарлигийг сахин ингэснээр биелүүлэгтүн.

19. Тэгвэл газар өөрийн үр шимийг гаргах болно. Ингэснээр та нар цадтал идэн, түүн дээр аюулгүй амьдарч чадна.

20. Гэвч та нар «Хэрэв бид тариалахгүй, эсвэл өөрсдийн ургацыг хураахгүй юм бол долоо дахь жилд юу идэх вэ?» хэмээн асуувал

21. зургаа дахь жилд Би та нарт Өөрийн ивээлээ үзүүлж, гурван жилийн ургацыг гарган авчрах юм.

22. Найм дахь жилд та нар тариалж байхдаа ч, ургацаас үлдсэн хуучин юмсыг идсээр байж болох бөгөөд тариалсан ургац чинь ес дэх жилд гарах хүртэл хуучныг идсээр байх юм.

23. Газар бол Минийх учир бүрмөсөн зарагдах ёсгүй. Учир нь та нар бол Миний түр суугч, харийнхан болой.

бүрэн бүлгийг уншина уу Левит 25