Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 25:15-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Эврийн бүрээдэлтээс хойших жилүүдийн тоонд тааруулан чи андаасаа юм худалдан авах бөгөөд тэрээр ургацын жилүүдийн тооны дагуу чамд худалдах ёстой.

16. Жилүүдийн ихсэх тусам та нар үнийг нь өсгөж, жилүүдийн цөөрөх тусам үнийг нь багасгах ёстой. Учир нь түүний чамд зарж буй нь ургацын тоо юм.

17. Тиймээс та нар бие биедээ бурууг хийлгүй, харин өөрсдийн Бурханаас эмээгтүн. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

18. Нутаг дээрээ аюулгүй амьдрахын тулд та нар Миний тогтоолыг даган мөрдөж, Миний зарлигийг сахин ингэснээр биелүүлэгтүн.

19. Тэгвэл газар өөрийн үр шимийг гаргах болно. Ингэснээр та нар цадтал идэн, түүн дээр аюулгүй амьдарч чадна.

20. Гэвч та нар «Хэрэв бид тариалахгүй, эсвэл өөрсдийн ургацыг хураахгүй юм бол долоо дахь жилд юу идэх вэ?» хэмээн асуувал

21. зургаа дахь жилд Би та нарт Өөрийн ивээлээ үзүүлж, гурван жилийн ургацыг гарган авчрах юм.

22. Найм дахь жилд та нар тариалж байхдаа ч, ургацаас үлдсэн хуучин юмсыг идсээр байж болох бөгөөд тариалсан ургац чинь ес дэх жилд гарах хүртэл хуучныг идсээр байх юм.

23. Газар бол Минийх учир бүрмөсөн зарагдах ёсгүй. Учир нь та нар бол Миний түр суугч, харийнхан болой.

24. Та нарын эзэмших газар бүрийн хувьд, та нар газрын золилтыг олгох ёстой.

25. Хэрэв ах дүү чинь ядуурснаас болж, эзэмшил газрынхаа хэсгийг зарах аваас түүний хамгийн ойрын хамаатан нь ирж, ах дүүгийнхээ зарсныг нь золих учиртай.

26. Эсвэл тэр хүнд ойрын хамаатан байхгүй тохиолдолд хэрэв газрын золилтонд хүрэлцэхүйц өөрийн хөрөнгийг дахин олж авах аваас,

27. тэр нь газрыг зарагдсанаас хойших жилүүдийг тооцоолж, мөнөөх зарсан хүндээ тэнцвэрийг буцаан төлөх болой. Тийнхүү өөрийн эзэмшил газартаа буцаж ирнэ.

28. Гэвч хэрэв тэр хүн газраа өөртөө буцааж авахад хүрэлцэхүйц хөрөнгийг олж чадахгүй аваас, түүний зарсан зүйл нь эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл түүнийг нь худалдан авагчийн гарт үлдэнэ. Харин эврийн бүрээдэлтээр энэ нь хуучин эзэндээ буцан очих ба тэр хүн өөрийн эзэмшил газартаа буцаж ирэх юм.

29. Үүний адил хэрэв хүн нь хэрэмтэй хот доторх орон сууцаа зарах аваас түүний золилтын эрх нь зарснаас нь хойших бүтэн жилд хүчинтэй байх болой. Түүний золилтын эрх нь бүтэн жил үргэлжлэх юм.

30. Харин хэрэв бүтэн жилийн хугацаанд эзэн нь түүнийг буцаан худалдаж авахгүй байх аваас хэрэмтэй хотод байгаа тэр сууц түүнийг худалдан авагчид болон үр хүүхдэд нь бүрэн хөдөлшгүйгээр шилжүүлэгдэх болой. Энэ нь эврийн бүрээдэлтээр ч хуучин эзэндээ буцан очихгүй болой.

бүрэн бүлгийг уншина уу Левит 25