Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 14:21-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Гэвч хэрэв тэр хүн нь ядуу бөгөөд тэгж өргөх чадалгүй байх аваас, тэрээр өөрийнхөө төлөө эвлэрүүллийг хийхэд зориулан даллах өргөлөөр өргөх гэмийн төлөөх тахилд нэг эр хургыг, идээн өргөлд зориулан тостой хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил, нэг лог тос авах ёстой.

22. Мөн өөрийн боломжийн хирээр хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авах ёстой бөгөөд нэг нь нүглийн төлөөх тахил, нөгөө нь шатаалт тахил болох юм.

23. Тэгээд найм дахь өдөр нь тэр тэдгээрийг өөрийн цэвэршүүлэлтэд зориулан ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд тахилчид авчрах болой.

24. Тахилч гэмийн төлөөх тахилын хургыг, нэг лог тосыг авч, тэдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө өргөнө.

25. Дараа нь тэр гэмийн төлөөх тахилын хургыг нядалж, хэсэг цус аваад, цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэнэ.

26. Тахилч мөн тосноос хэсгийг нь зүүн гарынхаа алганд асгаад,

27. баруун гарынхаа хуруугаар зүүн алган дахь тосны хэсгээс долоон удаа ЭЗЭНий өмнө цацна.

28. Тэгээд тахилч алгандаа байгаа тосны заримыг цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр, гэмийн төлөөх тахилын цусан дээр давхар түрхэнэ.

29. Түүнээс гадна тахилч алгандаа байгаа үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхээр түүний толгой дээр асгах ёстой.

30. Тэгээд тэр хүн өөрийн боломжийн хирээр хүүрзгэнэ, эсвэл залуу тагтааны аль нэгийг өргө.

31. Тэр өөрийн гаргаж чадах зүйлээ өргөх бөгөөд нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь идээн өргөлийн хамт шатаалт тахилд өргөх болой. Тийнхүү тахилч ЭЗЭНий өмнө цэвэршүүлэгдэгчийн төлөө эвлэрүүллийг хийнэ.

32. Энэ бол цэвэршүүлэлтэд зориулах чадал боломж хомс арьсны халдварт өвчтөний тухай хууль болой.

33. ЭЗЭН Мосе, Аарон нартай цааш нь ярин айлдаж—

34. Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутаг дахь байшинд Би арьсны халдварт өвчний толбыг тавихад,

35. тэр байшинг өмчлөгч нэгэн нь ирж, тахилчид “Байшинд минь толботой адил зүйл надад харагдав” гэж хэлэх ёстой.

36. Тэгэхэд нь тахилч байшин доторх бүх зүйлсийг бузарт тооцохгүйн тулд уг толбыг үзэхээр дотогш орохын өмнө байшинг суллахыг тушаана. Үүний дараа тахилч байшинг харахаар дотогш орно.

бүрэн бүлгийг уншина уу Левит 14