Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 13:5-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Долоо дахь өдөр нь тахилч түүнийг үзнэ. Хэрэв түүний нүдэнд уг өвчин нь өөрчлөгдөөгүй байх болон халдвар арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг дахин долоо хоногоор хөл хорино.

6. Тахилч түүнийг долоо дахь өдөр нь дахин үзнэ. Хэрэв уг өвчин арьсан дээгүүр тархаагүй байж, хатсан байвал тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь бижрүү төдий болой. Тэр хувцсаа угаан цэвэр болно.

7. Харин хэрэв тэр цэвэршихээр биеэ тахилчид үзүүлсний дараа уг бижрүү арьсан дээгүүр цааш тархах тохиолдолд тэр хүн тахилчид дахин үзүүлэх болой.

8. Тахилчийг үзэхэд, хэрэв уг бижрүү нь арьсан дээгүүр тархсан байх аваас тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой.

9. Хүн арьсны халдварт өвчинтэй байвал түүнийг тахилч уруу аваачна.

10. Тахилчийг үзэхэд, арьсан дээр үсийг цайруулсан цагаан хавдар байх бөгөөд хавдарт нь шархалж байгаа мах байх аваас

11. энэ нь тэр хүний биеийн арьсан дээрх арьсны архаг халдварт өвчин юм. Тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Бузартсан хэмээн тодорхойлсон тул түүнийг ажиглахаар хөл хорих шаардлагагүй.

12. Хэрэв арьсны өвчин арьсан дээгүүр цааш тархан, толгойгоос нь аваад хөлийг нь хүртэл өвчтөний бүх биеийг бүрхсэнийг тахилч харвал

13. тахилч түүнийг нь сайтар үзэх бөгөөд хэрэв уг арьсны өвчин түүний бүх биеийг бүрхсэн байх аваас тахилч өвчтөнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Бүгд цайрч, тэр цэвэр болсон.

14. Харин шархалж байгаа мах гарч ирэх бүрд тэр нь бузартсан болно.

15. Тахилч уг шархалж байгаа махыг үзэж түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Шархалж байгаа мах бузар агаад энэ нь арьсны халдварт өвчин ажгуу.

16. Эсвэл уг шархалсан мах нь дахин эргэж, цайран өөрчлөгдөх аваас тэр хүн тахилчид очно.

17. Тахилч түүнийг сайтар үзэхэд өвчтэй газар цайрсан байх аваас тахилч өвчтөнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Тэр нь цэвэр байна.

бүрэн бүлгийг уншина уу Левит 13