Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 12:22-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Гэвч Бурханы хүн Шемаиад Бурханы үг ирж,—

23. Чи Иудагийн хаан болох Соломоны хүү Рехобоам болон Иудагийн бас Бениамины бүх гэрийнхэнд, мөн үлдсэн хүмүүст хандан

24. “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Та нар явж, өөрсдийн төрөл садан болох Израилийн хөвгүүдийн эсрэг дайтаж болохгүй. Энэ зүйл Надаас ирсэн учир хүн бүр өөр өөрсдийн гэр уруу харигтун» хэмээв” гэж хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, буцан ирж, ЭЗЭНий үгийн дагуу өөр өөрсдийн замаар одоцгоолоо.

25. Иеробоам Ефраимын уулархаг нутагт Шехемийг босгон барьж тэндээ амьдарсан билээ. Тэндээс тэрээр нүүн Пенуелийг босгон барив.

26. Иеробоам сэтгэлдээ—Одоо хаанчлал Давидын гэрийнхэнд дахин очих нь.

27. Хэрэв эдгээр хүмүүс Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд өргөл өргөхөөр явбал тэдний зүрх сэтгэл өөрсдийн эзэн буюу Иудагийн хаан Рехобоам уруу эргэнэ. Тэд намайг алаад Иудагийн хаан Рехобоам уруугаа буцаж очно гэж бодов.

28. Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ—Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдыг харагтун гэв.

29. Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан, нөгөөг нь Данд тавив.

30. Ард түмэн алтан тугалд мөргөхөөр Даныг хүртэл явж байсан учир энэ нь нүгэл болов.

31. Иеробоам бас мөргөлийн өндөрлөгүүдэд бунхан босгож, Левийн хөвгүүдээс гадна янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгов.

32. Иудад хийдэг баяртай адил баярыг Иеробоам наймдугаар сарын арван тавны өдөр товлож, тахилын ширээн дээр очдог байв. Тэрээр Бетелд ч үүнтэй адил үйлдэж өөрийн хийсэн тугалууддаа тахил өргөж байв. Мөн тэрээр өөрийн бий болгосон мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг Бетелд томилов.

33. Хаан өөрийн сонгож тогтоосон наймдугаар сарын арван тавны өдөр Бетелд босгосон тахилын ширээндээ очив. Тэрээр Израилийн хөвгүүдэд зориулж баярыг товлон, тахилын ширээн дээр утлага уугиулахаар явав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 12