Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 12:18-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Дараа нь албадлагын хөдөлмөрийн захирагч Адорамыг Рехобоам хаан илгээсэн боловч бүх израильчууд түүн уруу чулуу шидлэн алжээ. Рехобоам хаан ч шалавхан тэргэндээ суун, Иерусалим уруу зугтлаа.

19. Израильчууд энэ өдрийг хүртэл Давидын гэрийнхэнтэй тэрсэлсээр байгаа юм.

20. Иеробоамын эргэж ирснийг Израилийн бүх ард түмэн сонсоод, хүн илгээн, түүнийг чуулганд дуудаж, бүх Израилийг захирах хаан болгов. Давидын бүлийнхнийг зөвхөн Иуда овог л дагав.

21. Ингээд Рехобоам Иерусалимд ирээд Соломоны хүү Рехобоамын хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн гэрийн эсрэг дайтахаар бүх Иудагийн гэрийнхэн болон Бениамин овгийг буюу зуун наян мянган дайчид болох шилмэл эрсийг цуглуулав.

22. Гэвч Бурханы хүн Шемаиад Бурханы үг ирж,—

23. Чи Иудагийн хаан болох Соломоны хүү Рехобоам болон Иудагийн бас Бениамины бүх гэрийнхэнд, мөн үлдсэн хүмүүст хандан

24. “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Та нар явж, өөрсдийн төрөл садан болох Израилийн хөвгүүдийн эсрэг дайтаж болохгүй. Энэ зүйл Надаас ирсэн учир хүн бүр өөр өөрсдийн гэр уруу харигтун» хэмээв” гэж хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, буцан ирж, ЭЗЭНий үгийн дагуу өөр өөрсдийн замаар одоцгоолоо.

25. Иеробоам Ефраимын уулархаг нутагт Шехемийг босгон барьж тэндээ амьдарсан билээ. Тэндээс тэрээр нүүн Пенуелийг босгон барив.

26. Иеробоам сэтгэлдээ—Одоо хаанчлал Давидын гэрийнхэнд дахин очих нь.

27. Хэрэв эдгээр хүмүүс Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд өргөл өргөхөөр явбал тэдний зүрх сэтгэл өөрсдийн эзэн буюу Иудагийн хаан Рехобоам уруу эргэнэ. Тэд намайг алаад Иудагийн хаан Рехобоам уруугаа буцаж очно гэж бодов.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 12