Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 1:23-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Тэд хаанд—Эш үзүүлэгч Натан ирээд байна гэж дуулгав. Тэрээр хааны өмнө орж ирээд, нүүрээ газарт хүртэл хааны өмнө сунан мөргөв.

24. Тэгээд Натан—Миний эзэн хаан та “Адониа миний дараа хаан болж, миний сэнтийд заларна” хэмээн хэлсэн юм уу?

25. Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжнууд ба тахилч Абиатар нарыг урьсан байх юм. Харагтун, тэд Адониагийн өмнө ууж идэн, “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна.

26. Харин таны боол намайг болон тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, таны боол Соломон нарыг тэрээр урьсангүй.

27. Эдгээрийг миний эзэн хаан та үйлдэхийг зөвшөөрсөн бол миний эзэн хааны дараа хэн түүний сэнтийд залгамжлан суухыг өөрийн боолууддаа дуулгаагүй байхсан гэж үү? гэж мэдүүлэв.

28. Тэгэхэд Давид хаан—Батшебаг над уруу дуудагтун гэлээ. Батшеба орж ирэн, хааны өмнө зогсов.

29. Хаан тангараглаж,—Миний амьдралыг бүх зовлонгоос аварсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая.

30. Би чамд Израилийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд миний оронд суух болно” гэж хэлсэн билээ. Өнөөдөр би тэр ёсоор үйлдэх болно гэв.

31. Тэгэхэд Батшеба нүүрээ газарт шаан бөхийж, хааны өмнө сунан мөргөж,—Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв.

32. Дараа нь Давид хаан—Тахилч Задок, эш үзүүлэгч Натан болон Иехоиадагийн хүү Бенаиаг нааш дуудагтун гэсэнд тэд хааны өмнө ирлээ.

33. Хаан тэдэнд—Та нар эзнийхээ зарц нарыг дагуулан, миний унадаг луусанд хүү Соломоныг минь мордуулж, Гихон уруу аваач.

34. Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тэнд тосолж, эвэр бүрээ үлээн, “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун.

35. Тэгээд та нар түүнийг даган ирж, тэр ирээд миний сэнтийд сууж миний оронд хаан болох ёстой. Учир нь түүнийг би Израиль ба Иудагийн удирдагчаар томилсон билээ хэмээн тушаав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 1