Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 1:12-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Одоо таны амь болон хүү Соломоны тань амийг аврах зөвлөгөө өгье.

13. Давид хаанд үтэр бараалхан, түүнд “Хаан эзэн минь, та өөрийн шивэгчин надад нэгэнтээ тангараглан «Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно» гэж амласан биш үү? Гэтэл яагаад Адониа хаан болчихсон байгаа юм бэ?” гэж хэлэгтүн.

14. Харагтун, та хаантанд ийн айлтгаж байх үед би хойноос тань орж ирэн, өчигт тань дэм өгье хэмээв.

15. Хаантныг лавриндаа хажуулах үед нь Батшеба бараалхав. Хаан ихэд өтөлсөн бөгөөд Шунем охин Абишаг түүнд үйлчлэн байлаа.

16. Тэгээд Батшеба бөхийж хааны өмнө сөгдөн мөргөлөө. Хаан—Чи юу хүсэв? хэмээн асуув.

17. Тэрээр хаанд—Эзэн минь, та шивэгчиндээ өөрийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно” гэж амласан шүү дээ.

18. Гэтэл одоо харагтун, Адониа хаан болжээ. Миний эзэн хаан, та үүнийг мэдээгүй л байна.

19. Адониа үй олон үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, тахилч Абиатар, цэргийн жанжин Иоабыг ч урьсан боловч таны боол Соломоныг урьсангүй.

20. Хаан эзэн минь, таны хувьд гэвэл, бүх Израиль хүмүүс таныг харж байна. Миний эзэн хааны дараа түүний сэнтийд хэн залгамжлан, суухыг та мэдүүлж өгөөрэй.

21. Эс тэгвэл миний эзэн хаан та өвөг дээдсийнхээ хамт нойрсох цаг ирмэгц би болон миний хүү Соломон тэрслүү хэмээн тооцогдоно шүү дээ хэмээв.

22. Батшеба хаанд айлтгасаар байх үед, эш үзүүлэгч Натан орж ирэв.

23. Тэд хаанд—Эш үзүүлэгч Натан ирээд байна гэж дуулгав. Тэрээр хааны өмнө орж ирээд, нүүрээ газарт хүртэл хааны өмнө сунан мөргөв.

24. Тэгээд Натан—Миний эзэн хаан та “Адониа миний дараа хаан болж, миний сэнтийд заларна” хэмээн хэлсэн юм уу?

25. Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжнууд ба тахилч Абиатар нарыг урьсан байх юм. Харагтун, тэд Адониагийн өмнө ууж идэн, “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна.

26. Харин таны боол намайг болон тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, таны боол Соломон нарыг тэрээр урьсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 1