Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 13:4-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэгэхэд Иехоахаз ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарлаж байгааг болон Израилийн зовлон шаналлыг Тэр харжээ.

5. ЭЗЭН Израильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамейчуудын гараас мултран гарчээ. Израилийн хөвгүүд урьдын адил өөрсдийн майхнууд дотор амьдарсан юм.

6. Хэдий тийм боловч тэд Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын гэрийн нүглүүдээс эргэсэнгүй, харин тэдгээрийн дотор явсан юм. Ашера ч Самарид хэвээрээ үлдэв.

7. Арамын хаан Иехоахазын цэргийг устган, үтрэмийн тоос шороо мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг л үлджээ.

8. Иехоахазын бусад үйлс, түүний хийсэн бүх юм болон түүний хүч чадал Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

9. Иехоахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Самарид оршуулав. Түүний хүү Иоаш түүний оронд хаан болов.

10. Иудагийн хаан Иоашийн гучин долоо дахь жилд Иехоахазын хүү Иехоаш Самарид Израилийн хаан болж, арван зургаан жил захирчээ.

11. Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглүүдээс тэр эргэлгүй, харин тэдгээрийн дотор явжээ.

12. Иоашийн бусад үйлс, түүний хийсэн бүх юм, Иудагийн хаан Амазиагийн эсрэг тулалдсан түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 13