Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 10:30-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. ЭЗЭН мөн уг хотыг хаантай нь хамт Израилийн гарт өгөв. Иошуа уг хотыг болон бүх хүмүүсийг нь илдний ирээр цохив. Тэр тэнд нэг ч амьд хүн үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хаанд юу хийсний адилаар энэ хотын хаанд ч тийн хандав.

31. Тэгээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Либнагаас цаашаа Лахиш уруу явж, түүний дэргэд буудаллан, түүний эсрэг довтлов.

32. ЭЗЭН Лахишийг Израилийн гарт өгчээ. Иошуа түүнийг хоёр дахь өдрөө эзлэн авч, Либнад хийснийхээ адил дотор нь байсан бүх хүнийг илдний ирээр цохив.

33. Энэ хооронд Гезерийн хаан Хорам Лахишт туслахаар ирсэн боловч түүнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь Иошуа түүнийг болон хүмүүсийг нь ялан дийлэв.

34. Иошуа болон түүний хамт бүх Израиль Лахишаас Еглон уруу яван, дэргэд нь буудаллаж, түүний эсрэг довтлов.

35. Тэд түүнийг тэр өдрөө эзлэн авч, илдний ирээр цохив. Лахишт үйлдсэнтэйгээ нэгэн адил Иошуа тэр өдөр дотор нь байсан бүх хүнийг бүрмөсөн устгав.

36. Ингээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Еглоноос цаашаа Хеброн уруу очиж, түүний эсрэг дайтав.

37. Тэд хотыг эзлэн авч, түүнийг, хаадыг нь, бүх тосгод болон тэдгээрийн дотор нь байсан бүх хүмүүсийг илдний ирээр цохив. Тэр Еглонд үйлдсэнтэйгээ адилаар үйлдэн хэнийг ч амьд үлдээлгүй бүрмөсөн устгав.

38. Тэгээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Дебир уруу буцан, түүний эсрэг дайтав.

39. Тэд хотыг хаантай нь болон бүх тосгодтой нь эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, дотор нь байсан бүх хүмүүсийг бүрмөсөн устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Хеброн, бас Либна болон хаанд нь яаж хандсаны адилаар Дебир болон хаанд нь мөн тийнхүү үйлдэв.

40. Ийнхүү Иошуа уулархаг нутаг, Негев, нам дор газар, мөн уулын налуу бэл зэрэг бүх нутгийг хаадтай нь хамт бут цохив. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй, харин Израилийн Бурхан ЭЗЭНий тушааснаар амьсгалтай бүхнийг бүрмөсөн устгав.

41. Иошуа тэднийг Кадеш-барнеагаас Газыг хүртэл буюу Гошены бүх нутгийг Гибеоныг хүртэл бут цохив.

42. Израилийн Бурхан ЭЗЭН Израилийн төлөө дайтсан тул, Иошуа тэдгээр бүх хаадыг болон тэдний нутгийг нэг дор эзлэв.

43. Тэгээд Иошуа бүх Израилийн хамтаар Гилгал дахь хуаран уруугаа буцлаа.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 10