Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 37:12-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тиймийн тул, чи эш үзүүлэн тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Миний ард түмэн, Би та нарын булшнуудыг нээж, та нарыг булшнуудаас чинь гаргана. Би та нарыг Израилийн газарт авчрах болно.

13. Миний ард түмэн, Би та нарын булшнуудыг нээж, та нарыг булшнуудаас чинь гаргасан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

14. Би та нарын дотор Өөрийн Сүнсийг тавьж, та нар амилж, Би та нарыг төрөлх нутагт чинь суулгах болно. Тэгээд ЭЗЭН Би үүнийг айлдсан ба үүнийг бүтээснийг та нар мэдэх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна”.

15. ЭЗЭНий үг надад дахин ирж,—

16. Хүний хүү чи нэг савааг өөртөө авч, дээр нь “Иуда болон түүний хамтрагчид болох Израилийн хөвгүүдийн төлөө” хэмээн бич. Тэгээд өөр нэг савааг авч, дээр нь “Ефраимын саваа болох Иосеф ба түүний хамтрагчид болох Израилийн хамаг гэрийн төлөө” хэмээн бич.

17. Тэгээд тэдгээрийг өөртөө, нэгийг нь нөгөөд, нэг саваа болгож, чиний гарт тэдгээрийг нэг болохоор нийлүүл.

18. Чиний ард түмний хөвгүүд чамд хандан “Чи үүгээр юуг хэлэх гэж байгааг бидэнд тайлбарлаж өгөхгүй юу?” хэмээн өгүүлэх үед

19. тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Ефраимын гарт буй Иосефын савааг болон түүний хамтрагчид болох Израилийн овгуудыг авч тэднийг Иудагийн саваатай нийлүүлж, нэг саваа болгоно. Тэд Миний мутарт нэг болно» гэв”

20. Чиний дээр нь бичсэн саваа тэдний нүдэн дээр чиний гарт байх болно.

21. Тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Израилийн хөвгүүдийг очсон үндэстнүүдийнх нь дундаас авч, тэднийг зүг бүрээс цуглуулж, төрөлх нутагт нь аваачна.

22. Би тэднийг тэр газарт, Израилийн уулс дээр нэгэн үндэстэн болгоно. Нэг л хаан тэдний бүгдийнх нь хаан байх болно. Тэд хойшид хоёр үндэстэн болохгүй, тэд цаашид хоёр хаанчлалд хуваагдахгүй.

23. Тэд хойшид өөрсдийн шүтээнүүд, өөрсдийн бузар зүйлс болон өөрсдийн аливаа гэм нүглээр өөрсдийгөө бузарлахгүй. Харин нүгэл үйлдсэн тэдний оршин сууж буй газруудаас нь тэднийг Би аварч, тэднийг цэвэрлэх болно. Тэд Миний ард түмэн болж, Би тэдний Бурхан болно.

24. Миний зарц Давид тэднийг захирах хаан болж, тэд бүгд ганц хоньчинтой байна. Тэд Миний зарлигаар явж, Миний тогтоолуудыг сахин үйлдэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 37