Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 3:16-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Долоо хоногийн эцэст ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа—

17. Хүний хүү, Би чамайг Израилийн гэрийн харуулаар томиллоо. Чи Миний амнаас үг сонсох бүрд, Миний өмнөөс тэдэнд сануулгыг өг.

18. Би хорон муу явдалтанд “Чи заавал үхнэ” хэмээн айлдах үед хэрэв чи түүнд сануулалгүй, эсвэл амьдрахын тулд хорон муу замаасаа эргэх ёстойг хорон муу явдалтанд сануулан хэлэхгүй аваас, тэр хорон муу явдалтан өөрийн гэм буруу дотор үхэх болно. Гэвч түүний цусыг Би чиний гараас нэхнэ.

19. Гэсэн ч хэрэв чи хорон муу явдалтанд сануулсан ч тэрээр хорон муу явдлаасаа, хорон муу замаасаа эргэхгүй аваас, тэр өөрийн гэм буруу дотор үхэх болно. Харин чи өөрийгөө аварсан юм.

20. Дахиад хэрэв зөвт хүн өөрийн зөвт байдлаас эргэж гэм бурууг үйлдэх бөгөөд Би түүний өмнө саад тавих аваас, тэр үхэх болно. Чи түүнд сануулаагүй учир тэр өөрийн нүглийн дотор үхэж, түүний үйлдсэн зөв үйлс ч дурсагдахгүй. Гэвч түүний цусыг Би чиний гараас нэхнэ.

21. Харин хэрэв чи зөвт хүн нүглийг үйлдэх ёсгүй хэмээн сануулаад, тэр нь нүглийг эс үйлдэх аваас, тэр хүн сануулгыг авсан учир үнэхээр амьдрах болно. Чи өөрийгөө аварсан гэв.

22. Тэнд ЭЗЭНий мутар миний дээр байсан ба Тэр надад—Бос, тал уруу гарч яв. Тэнд Би чамд айлдана гэв.

23. Тиймээс би босож, тал уруу гарч явав. Харагтун, Хебар голын дэргэд миний үзсэн цог жавхлантай адил ЭЗЭНий цог жавхлан тэнд зогсож байв. Би нүүрээрээ унав.

24. Тэгээд Сүнс над уруу орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надтай ярьж, айлдсан нь—Явж, өөрийгөө гэртээ түгж.

25. Хүний хүү чиний хувьд, тэд чамд олс хийж, чамайг түүгээр хүлэх болно. Ингэснээр чи тэдний дундаас гарч явж чадахгүй болох юм.

26. Үүнээс гадна, Би чиний хэлийг тагнайд чинь наалдуулна. Ингэснээр чи хэлгүй болж, тэднийг зэмлэдэг хүн байж чадахгүй болох юм. Учир нь тэд бол тэрслүү гэр юм.

27. Гэвч Би чамд айлдах үед, Би чиний амыг нээж, чи тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүлэх болно. Сонсогч нь сонсог, татгалзагч нь татгалзаг. Учир нь тэд бол тэрслүү гэр юм.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 3