Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 25:5-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Абрахам өөрийн хамаг өмчийг Исаакт өгчээ.

6. Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа.

7. Абрахам нэг зуун далан тав насалжээ.

8. Абрахам өндөр насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ.

9. Түүний хүү Исаак, Ишмаел хоёр түүнийг Мамрегийн өмнө тал дахь хит хүн Зохарын хүү Ефроны талбай дахь Махпела агуйд оршуулжээ.

10. Тэр газрыг Абрахам хитчүүдээс худалдан авсан байв. Абрахам, түүний эхнэр Сара хоёрыг тэнд оршуулжээ.

11. Абрахамыг нас барсны хойно түүний хүү Исаакийг Бурхан ерөөж, Исаак Беер-лахаи-роин хавьцаа нутаглан суух болов.

12. Сарагийн шивэгчин египет бүсгүй Хагараас Абрахамд төрүүлж өгсөн хүү Ишмаелын үр удам нь энэ болой.

13. Хөвгүүдийн нэрс тэдний төрсөн дарааллаар дараах болой: ууган хүү Небаиот, удаах нь Кедар, Адбеел, Мибсам,

14. Мишма, Дума, Масса,

15. Хадад, Тема, Иетур, Нафиш, Кедема нар болно.

16. Эдгээр нь Ишмаелын хөвгүүд байсан бөгөөд тосгон суурин, овгийнхоо дагуу арван хоёр овгийн удирдагчдын нэрс ажээ.

17. Ишмаел нэг зуун гучин долоон насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ.

18. Тэд Ассири хүрэх зам дагуу Египетийн зүүн зүгт орших Хавилагаас аваад Шур хүртэл ах дүүс нартайгаа дайсагналцан нутаглан суудаг болжээ.

19. Абрахамын хүү Исаакийн үр удам нь ийм болой. Абрахам Исаакийг төрүүлж,

20. Исаак дөчин настайдаа Паддан-арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 25