Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 30 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Цаашилбал, чи хуайс модоор утлага уугиулах газар болгон тахилын ширээг хийгтүн.

2. Түүний урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь хоёр тохой ба эврүүд нь түүнтэй нэгдмэл байна.

3. Уг тахилын ширээг буюу түүний оройг нь, бүх хажуу талуудыг нь тойруулан, эврүүдийг нь шижир алтаар бүрэгтүн. Чи бүхэлд нь тойруулан алтан эмжээр хий.

4. Түүний эмжээрийн доор, хоёр алтан цагираг үйлд. Ингэхдээ хоёр эсрэг талын хананд нь хийж, тахилын ширээг зөөх дамнуургыг тэдгээрт шургуул.

5. Хуайс модоор дамнуургуудыг нь хийж, алтаар бүрэгтүн.

6. Энэ тахилын ширээг гэрчлэлийн авдрын ойролцоох хөшигний өмнө буюу Миний чамтай уулзах газар болох гэрчлэлийн авдрын дээрх өршөөлийн суудлын өмнө талд тавь.

7. Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг асаахдаа тэр түүнийг уугиулах ёстой.

8. Аарон үдшийн бүрийгээр дэнлүүнүүдийг асаахдаа утлагыг уугиулна. Үеийн үед ЭЗЭНий өмнө мөнхийн утлага байх ёстой.

9. Чи энэхүү тахилын ширээн дээр ёс бус утлага, шатаалт тахил, эсвэл идээн өргөлүүдийг бүү өргө. Түүн дээр ундаан өргөлийг бүү асга.

10. Аарон нь түүний эврүүд дээр жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр тэр эвлэрүүллийн нүглийн төлөөх тахилын цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үеийн үед хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд хамгийн ариун байх болно.

11. Бас ЭЗЭН Мосед хандан, айлдсан нь—

12. Чи Израилийн хөвгүүдийг тоолохоор тооллого хийх үед хүн бүр өөрийнхөө төлөө золиосыг ЭЗЭНд өгөх ёстой. Энэ нь тэднийг чи тоолох үед тэдний дунд ямар ч гамшиг байлгахгүйн тулд юм.

13. Тоологдсон хүн бүр ариун газрын шекелийн дагуу хагас шекелийг (шекел нь хорин гератай тэнцүү) өгөх ёстой. Хагас шекел нь ЭЗЭНд хандив болох юм.

14. Хорь болон түүнээс дээш насны тоологдсон хүн бүр ЭЗЭНд хандивыг өгнө.

15. Та нар өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр ЭЗЭНд хандив өгч байхдаа баян хүн хагас шекелээс ихийг, ядуу нь багыг өгөх ёсгүй.

16. Чи Израилийн хөвгүүдээс эвлэрүүллийн мөнгийг авч, хурлын майхны үйлчлэлд өг. Ингэснээр өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийх нь ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдэд дурсгал болох юм гэв.

17. ЭЗЭН Мосед айлдахдаа—

18. Чи бас угаалга хийхэд зориулан хүрлээр угаалгын сав болон суурийг нь хийж, түүнийг хурлын майхан ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хий.

19. Аарон болон түүний хөвгүүд гар, хөлөө тэр савнаас угааг.

20. Тэд хурлын майханд нэвтрэхдээ, эсвэл ЭЗЭНд өргөх тахилыг шатаан уугиулах үйлчлэлийг хийхээр тахилын ширээнд ойртохдоо үхэхгүйн тулд усаар угаах ёстой.

21. Тиймээс тэд үхэхгүйн тулд гар хөлөө угаах ёстой. Энэ нь Аарон хийгээд түүний үр удамд үеийн үед мөнхийн зарлиг байх болно гэв.

22. ЭЗЭН цааш нь Мосед айлдан—

23. Чи бас өөртөө дараах хамгийн сайн амтлагчийг авагтун. Үүнд: шингэн миррээс таван зуун шекел, анхилуун шанц хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишингээс хоёр зуун тавин шекел,

24. ариун газрын шекелийн дагуу кассигаас таван зууг, чидун тосноос нэг хин.

25. Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно.

26. Үүгээр чи хурлын майхан хийгээд гэрчлэлийн авдрыг тосол.

27. Мөн ширээ ба түүний бүх хэрэгсэл, дэнлүүний суурь ба түүний хэрэгслүүд, утлагын тахилын ширээ,

28. шатаалт тахилын ширээ ба түүний бүх хэрэгслүүд, угаалгын сав ба түүний суурийг тослогтун.

29. Бас эдгээрийг хамгийн ариун болгохын тулд чи тэднийг ариусга. Тэдэнд хүрсэн юм бүхэн ариун болно.

30. Аарон хийгээд түүний хөвгүүд Надад тахилчаар үйлчлэх учраас чи тэднийг тослон, ариусгагтун.

31. Чи Израилийн хөвгүүдэд хандан ийн хэл. “Энэ нь үеийн үед Миний төлөөх ариун тосолгооны тос болно.

32. Үүнийг хүний бие дээр бүү асга, мөн үүнтэй ижил найрлагатай зүйлийг бүү хий. Энэ бол ариун бөгөөд та нарт ч ариун байх ёстой.

33. Үүний адилаар найруулж, эсвэл эгэл жирийн хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.

34. Дараа нь ЭЗЭН Мосед—Өөртөө зориулан амтлагч, стакте, ониха, халвана болон цэвэр гүглээс ижил хэмжээгээр авагтун.

35. Үүгээр чи сүрчиг найруулагчдын бүтээл болох сүрчиг буюу давстай, цэвэр, ариун утлагыг үйлдэгтүн.

36. Тэдгээрийн заримыг чи маш сайн бутлан нүдэж, Миний чамтай уулзах газар болох хурлын майхны доторх гэрчлэлийн өмнө түүнээс нэг хэсгийг тавигтун. Энэ нь чамд хамгийн ариун байх ёстой.

37. Ийм найрлагаар хийсэн утлагыг өөртөө зориулж бүү үйлдэгтүн. Энэ нь ЭЗЭНий төлөө чамд ариун байх ёстой.

38. Үүнтэй адилыг сүрчиг болгон хэрэглэхээр хийсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдана гэж айлдав.