Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 28 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Надад тахилч болгон үйлчлүүлэхээр Израилийн хөвгүүдийн дундаас өөрийн ах Аарон ба түүний хөвгүүд болох Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг хамтад нь өөрийнхөө дэргэд байлгагтун.

2. Өөрийн ах Аароны алдар ба үзэсгэлэнд зориулан ариун хувцас хий.

3. Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд, түүнийг ариусгахаар хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн бүх уран хүмүүст хандаж өгүүлэгтүн.

4. Тэдний хийх хувцас нь цээживч, ефод, нөмрөг, нэхмэл дотуур дээл, малгай ба бүс болно. Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд тэд чиний ахад болон түүний хөвгүүдэд ариун хувцас хийх ёстой.

5. Тэд алт ба хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг аваг.

6. Тэд бас алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалингаар уран хүний урлал болох ефод хийгтүн.

7. Ефод нь холбогдсон байхын тулд түүний хоёр үзүүртэй холбоотой хоёр мөрөвч байх ёстой.

8. Ефодын дээрх уран нэхсэн бүс нь алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалингаар ефодтой ижил хийгдсэн байх ёстой.

9. Чи хоёр оникс чулууг авч, дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн.

10. Тэдний төрсөн дарааллаар нь нэг чулуун дээр зургаан нэр, нөгөө чулуун дээр үлдсэн зургаан нэрийг сийл.

11. Үнэт чулуу засагч хүн тамга сийлэхтэй адил, чи Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу хоёр чулууг сийлэн, алтан хүрээтэй сууринд суулгагтун.

12. Чи хоёр чулууг Израилийн хөвгүүдэд дурсгалын чулуу болгон ефодын мөрөвч дээр хадах бөгөөд Аарон тэдний нэрсийг ЭЗЭНий өмнө хоёр мөрөн дээрээ дурсгал болгон тээнэ.

13. Чи алтан хүрээтэй суурь хий.

14. Мөн шижир алтан хоёр гинж сүлжин хийж, хүрээтэй суурин дээр тогтоо.

15. Чи уран хүний урлал болох шүүхийн цээживчийг хий. Үүнийг чи ефодыг хийсний адил алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар үйлдэгтүн.

16. Тэр нь нэг сөөм урт, нэг сөөм өргөн дөрвөлжин бөгөөд хоёр давхарласан байна.

17. Түүний дээр чи дөрвөн эгнээгээр чулуун шигтгээ хий. Нэг дэх эгнээнд бадмаараг, молор, маргад,

18. хоёр дахь эгнээнд оюу, индранил, очир алмааз,

19. гурав дахь эгнээнд нал эрдэнэ, гартаам, ягаан болор,

20. дөрөв дэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байна. Эдгээрийг алтан хүрээн дотор суулгах ёстой.

21. Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу буюу тэдний нэрсийн дагуу арван хоёр байх ёстой. Арван хоёр овгийн нэг бүрийг чулуу тус бүр дээр тамга мэт сийлнэ.

22. Чи цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс шиг гинж хий.

23. Цээживчин дээр хоёр алтан цагираг хийж, цээживчний хоёр үзүүрт холбогтун.

24. Хоёр алтан оосрыг цээживчний үзүүрүүдэд байх хоёр цагирагт холбо.

25. Хоёр оосрын нөгөө үзүүрүүдийг хоёр алтан хүрээтэй сууринд холбож, тэдгээрийг ефодын урд талд түүний мөрөвчтэй холбо.

26. Чи хоёр алтан цагираг хийж, тэдгээрийг ефодын дотор тал уруу харсан цээживчний хоёр өнцгийн ирмэгт хад.

27. Хоёр алтан цагираг хийж, ефодын өмнө талд хоёр мөрөвчнийх нь доор, залгаасны ойролцоо ефодын уран нэхсэн бүсний дээд талд хад.

28. Тэд цээживчний цагиргийг ефодын цагирагтай хөх оосроор холбог. Ингэснээр цээживч нь ефодын уран нэхсэн бүсний дээр байж, ефодоос салахгүй юм.

29. Аарон ариун газарт орохдоо Израилийн хөвгүүдийн нэрсийг ЭЗЭНий өмнө мөнхийн дурсгал болгон шүүхийн цээживчинд зүрхэн дээрээ авч явах ёстой.

30. Шүүхийн цээживчин дотор Урим ба Туммимийг хий. Аароныг ЭЗЭНий өмнө ороход тэдгээр нь түүний зүрхэн дээр байх болно. Израилийн хөвгүүдийн шүүлтийг Аарон зүрхэндээ ЭЗЭНий өмнө үргэлж авч явах болно.

31. Чи ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр үйлд.

32. Түүний оройн хэсгийн голд амсар гарга. Амсрыг урагдуулахгүйн тулд хөө хуягны амсар шиг тойруулан сүлжиж захал.

33. Түүний хормойг тойруулан хөх, ягаан болон час улаан материалаар анаруудыг хийж, тэдгээрийн хооронд алтан хонхнуудыг тойруулан хий.

34. Нөмрөгийн хормойд, эргэн тойронд нь алтан хонх, анар, алтан хонх, анар байхаар хийгтүн.

35. Аароныг үйлчлэх үед үүнийг өмсгөсөн байх бөгөөд тэр үхэхгүйн тулд ЭЗЭНий өмнө ариун газарт орж гарахад хонхны жингэнэх нь сонсогдоно.

36. Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамганы сийлбэр шиг “ЭЗЭНд ариун” гэж сийлэгтүн.

37. Түүнийг малгайн дээр урд талд нь байлгахын тулд хөх уяагаар бэхлэгтүн.

38. Тэр нь Аароны духан дээр байна. Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлэгтэй холбоотой ариусгагдсан ариун юмсын гэм бурууг Аарон үүрэх болно. Тэд ЭЗЭНий өмнө хүлээн авахуулахын тулд энэ нь үргэлж түүний духан дээр байх ёстой.

39. Чи нарийн маалинга нэхэн өнгө алагласан дотуур дээл болон нарийн маалинган малгай хий. Чи нэхмэлчний бүтээл болох бүсийг хий.

40. Аароны хөвгүүдийн алдар ба үзэсгэлэнд зориулан дотуур дээл, бүс болон малгай хийгтүн.

41. Тэгээд чи өөрийн ах Ааронд болон түүний хөвгүүдэд тэдгээр хувцсыг өмсгөн, тэднийг Надад тахилч нараар үйлчлүүлэхийн тулд тослон, тэдэнд сахил хүртээн ариусгагтун.

42. Нүцгэн биеийг нь халхлах маалинган дотуур өмдийг тэдэнд хий. Тэр дотуур өмд нь ууцнаас гуя хүртэл хүрэх ёстой.

43. Аарон ба түүний хөвгүүд хурлын майханд орохдоо, эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд хүрч очихдоо гэм нүгэлд унан үхэхгүйн тулд тэдгээр хувцсыг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний хойч үр удамд үүрд мөнхийн тогтоол байх болтугай.