Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 28:10-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэдний төрсөн дарааллаар нь нэг чулуун дээр зургаан нэр, нөгөө чулуун дээр үлдсэн зургаан нэрийг сийл.

11. Үнэт чулуу засагч хүн тамга сийлэхтэй адил, чи Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу хоёр чулууг сийлэн, алтан хүрээтэй сууринд суулгагтун.

12. Чи хоёр чулууг Израилийн хөвгүүдэд дурсгалын чулуу болгон ефодын мөрөвч дээр хадах бөгөөд Аарон тэдний нэрсийг ЭЗЭНий өмнө хоёр мөрөн дээрээ дурсгал болгон тээнэ.

13. Чи алтан хүрээтэй суурь хий.

14. Мөн шижир алтан хоёр гинж сүлжин хийж, хүрээтэй суурин дээр тогтоо.

15. Чи уран хүний урлал болох шүүхийн цээживчийг хий. Үүнийг чи ефодыг хийсний адил алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар үйлдэгтүн.

16. Тэр нь нэг сөөм урт, нэг сөөм өргөн дөрвөлжин бөгөөд хоёр давхарласан байна.

17. Түүний дээр чи дөрвөн эгнээгээр чулуун шигтгээ хий. Нэг дэх эгнээнд бадмаараг, молор, маргад,

18. хоёр дахь эгнээнд оюу, индранил, очир алмааз,

19. гурав дахь эгнээнд нал эрдэнэ, гартаам, ягаан болор,

20. дөрөв дэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байна. Эдгээрийг алтан хүрээн дотор суулгах ёстой.

21. Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу буюу тэдний нэрсийн дагуу арван хоёр байх ёстой. Арван хоёр овгийн нэг бүрийг чулуу тус бүр дээр тамга мэт сийлнэ.

22. Чи цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс шиг гинж хий.

23. Цээживчин дээр хоёр алтан цагираг хийж, цээживчний хоёр үзүүрт холбогтун.

24. Хоёр алтан оосрыг цээживчний үзүүрүүдэд байх хоёр цагирагт холбо.

25. Хоёр оосрын нөгөө үзүүрүүдийг хоёр алтан хүрээтэй сууринд холбож, тэдгээрийг ефодын урд талд түүний мөрөвчтэй холбо.

26. Чи хоёр алтан цагираг хийж, тэдгээрийг ефодын дотор тал уруу харсан цээживчний хоёр өнцгийн ирмэгт хад.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 28