Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 2:13-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Одоо босож, Зеред горхийг гаталцгаа” гэсэнд бид Зеред горхийг гаталсан билээ.

14. Бид Кадеш-барнеагаас хөдлөөд Зеред горхийг гаталсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийн дайчид бүгдээрээ хуарандаа сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ.

15. Хуарангаас тэднийг устгахын тулд бүгдийг нь устаж дуустал ЭЗЭНий мутар тэдний эсрэг байв.

16. Ард түмний дундаас бүх дайчид бүрэн устсаны дараа

17. ЭЗЭН надад айлдахдаа

18. “Чи өнөөдөр Моабын хил Арыг давах болно.

19. Аммоны хөвгүүдийн харалдаа очихдоо тэднийг бүү зовоо, тэднийг битгий өдөө. Би Аммоны хөвгүүдийн газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй. Учир нь Би түүнийг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.

20. (Тэнд урьд рефаимчууд нутаглаж байсан учир түүнийг Рефаимын газар гэдэг байжээ. Харин аммончууд тэднийг Замзуммин гэж нэрлэдэг байсан.

21. Тэр ард түмэн аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байжээ. Харин ЭЗЭН аммончуудын өмнө тэднийг устгаж, аммончууд тэднийг хөөн гаргаад, оронд нь оршин суух болжээ.

22. Энэ нь ЭЗЭН Сеирт амьдран суудаг Есавын хөвгүүдийн өмнөөс хоричуудыг устгасантай адил болжээ. Тэд хоричуудыг хөөн зайлуулаад, тэдний оронд одоо хүртэл оршин суусан.

23. Кафтораас ирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан Авви хүмүүсийг устгаж, тэдний оронд оршин суужээ).

24. Босож, хөдлөн, Арноны хөндийг гатал. Хар! Би Хешбоны хаан, Амори хүн Сихоныг болон газар нутгийг нь чиний гарт өгсөн билээ. Тэдэнтэй байлдаад, тэр газар нутгийг эзлэн авч эхэл.

25. Би өнөөдрөөс эхлээд тэнгэрийн доорх ард түмнүүдийг чамаас айж эмээдэг болгоно. Тэд чиний алдар цууг сонсоод чичирч, чамаас болж зовж шаналах болно” гэсэн.

26. Би Кедемотын цөлөөс Хешбоны хаан Сихонд элч нарыг илгээж, эв найрамдлын хэл хүргүүлэхдээ

27. “Намайг газар нутгаараа нэвтрүүлээч. Би зөвхөн гол замаар явах бөгөөд баруун зүүн тийш хазайхгүй.

28. Чи идэх хоолыг минь надад мөнгөөр худалд, уух усыг минь надад мөнгөөр өг. Намайг зөвхөн явганаар өнгөрүүлээч.

29. Сеирт суудаг Есавын хөвгүүд болон Арт суудаг моабчуудын надад үйлдсэн шиг та нар намайг Иордан голыг гатлан бидний Бурхан ЭЗЭНээс бидэнд өгч байгаа тэр газар уруу орох хүртэл нэвтрүүлж өгнө үү?” гэв.

30. Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа нэвтрэн өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан, зүрхийг нь зөрүүд болгон өнөөдрийнх шиг болгосон байна.

31. ЭЗЭН надад хандан “Би Сихон болон түүний газар нутгийг чамд тушааж эхэлсэн. Чи тэр газрыг эзэмшихийн тулд одооноос эзлэн ав” гэж айлдсан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 2